sonin.mn
Маньд дэлхийн дэвжээнд хүч үзэх боломжийг олгосон нь газрын баялаг. Нэг үгээр хэлбэл эцэг өвгөдөөс өвлүүлсэн энэ сайхан нутгийн маань хөрсөн доорх эрдэнэс.
 
100 ч хүрэхгүй жилийн өмнө тэмбүү ярандаа баригдаж, тусгаар улс гэгдэхэд ч хэцүүхэн байсан Азийн цээжин дэхь "жижигхэн" Монгол руу одоо дэлхий анхаарлаа хандуулдаг болсон нь бахархам үнэн.
 
Гэвч бахархам үнэний цаадах руу өнгийж, бахархлаа бардамнал болгон ургуулах нь өнөөгийн цаг үеийнхэн та бидний ур ухаанаас шалтгаална гэдгийг өгүүлэх нь илүүц мэт. Ухсан газар болгоноос алт, нүүрс гэхчлэн ашигт малтмал олдож, алтан дээр суусан гуйлгачид болохоо бид сүүлийн хэдэн жил хангалттай мэдлээ, мэдэрлээ.
 
Хэтэрхий гэмээр урт хугацаанд алтан дээр суусан гуйлагчин гэж хэлүүлсэндээ бидний монголчууд хэрэндээ л шаралхаж, алтаа ашигладаг "султан" гэгдэхийг хүсч, тэмүүлж байна. Тэрхүү хүсэл тэмүүлэл маань тэртээх 1800-гаад оны үед дэхь америкчуудаас ялгарах зүйлгүй байна.
 
Алт бол амьдралын эх булаг хэмээх ойлголт амьдралд ноёрхож, эгэл жирийн иргэд нь гар аргаар нинжадаж арай боломжтой нь компани байгуулж, дээр дооргүй тэмцэлдэн чухам л дажин болж байна. Бас ч гэж хувиараа ганцаараа амиараа арвагнаснаас арай олуулаа нийлж, ард түмэндээ тэгш хуваарилах тухай ч ярих болж.
 
Шинэчлэлийн засгийн үед ч өмнөх хамтарсан Засгийн газрын үед ч яригдаж байсан ярилцсаар л байгаа асуудал. Засаг ажиллаж байна. Өмнөх хойтох гэлтгүй бүгд л хэр чадлаараа... Аль аль нь уул уурхайн салбараа түшиглэн улс орноо, ард иргэдээ өөд нь татна гэж яах аргагүй зөв ярьдаг.
 
Гэвч хийж буй үйлдэл, хэрэгжиж буй ажлууд нь ард түмний хувьд тэгш хүртээмж, басхүү улс орны ирээдүйн сайн сайхны баталгаа болж чадахгүй нь анхнаасаа анзаарагдаж эхэлсэн гээд хэлчихэд болно. Уул уурхай руу гадны хөрөнгө оруулалтыг татах нь зөв.
 
Өөрөөр хэлбэл, өнгөцхөн харахад өнөөгийн болон өмнөх төр зөв бодлого явуулаад байх шиг харагдаад байдаг. Харамсалтай нь уул уурхйан салбарт барьж Монголын төрийн бодлогыг гадны экстертүүд хачирхан элэглэж байгаа нь гашуун үнэн.
 
Тэд, монголчууд анхнаасаа л буруу хууль гаргаад, хувьд лиценз олгоод замбарааг нь алдуулчихсан гэж хэлж сануулж, бас ч гэж анхааруулж, алдаагаа засаач хэмээн хэлсээр буй. Өдгөө залхаад алсаас ажиж сууна. Мэдэхгүйн зовлон их. Тэр утгаараа эхэндээ алдаа гаргасан байж болно.
 
Гэхдээ алдаагаа залруулахыг хүсэхгүй байгаад асуудлын гол байгаад байна. Монголчууд одоо алдаагаа засах ёстой. Засахын тул тов тодорхой хуулиуд гаргах учиртай. Улс орнуудын жишгээс харахад уул уурхайн хөгжилтэй уялдан уул уурхайг хөгжүүлэх, геологийг хөгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах тухай хууль эрх зүйн орчноо бүрдүүлдэг юм билээ. Дээрх гурван хуулийг гагцхүү мэргэжлийн хүмүүс гаргах ёстой. Ээлжит бус чуулган зарлан байж хийж байгаа ажил нь ч нэг л биш...
 
Салбараа мэддэг, сайн мууг нь дэнсэлдэг, тэгж байж л гаргасан хууль хууль шиг хууль болж, хөрөнгө оруулагчдыг чухамдаа Монгол орныг өөд нь татах учиртай. Ер нь бол манайхан асар буруу ойлголттой нь жижигхэн зүйл дээрээс ч анзаарагддаг. Уул уурхайн гэхээр ашигт малтмалаа ухаж малтаж гаргаж ирээд л баруун солгойгүй зарж үрэхийг хэлдэг юм шиг ойлгодог, дээр дооргүй шүү...
 
Уг нь бол уул уурхай, газрын баялаг гэдэг дэлхийн мөнгийг өөртөө татах соронз байдаг юм билээ. Бид хар зах дээр тамхи ширхэглэж байгаа юм шиг өдрийнхөө талхны мөнгөний хэмжээнд ашигт малтмалаа аваачих эрхгүй. Өдгөө яг тэгж буйгаа хүлээн зөвшөөрөх ёстой.
 
Бид эндээс ирээдүйд хэрэглэх их хэмжээний мөнгө олох гарцаа олох ёстой. Түүнээс гадна манайхан талыг там болтол гэдэг шиг газар нутаг, гуу жалга бүхнээ өөд уруугүй ухаад байх нь энэ зууны гайхамшигт тэнэглэл болж үлдэхээс өөр ямар ч дүнд хүрэхгүй.
 
Олон улсын аж байдлаас ажихад байгалийн гайхамшигт тогтоцтой л бол хичнээн их баялагтай байсан ч ухдаггүй. Харин ч байгалийн өвөрмөц, гайхамшигт тогтоцтой газар нутгаа асар өндөр үнээр хамгаалж, хайрладаг юм билээ. Тэр утгаараа бид байгаа бүгдийгээ ашиглах гэж улайран зүтгээд байхаа болих ёстой.
 
Газрын баялаг бол нөхөн сэргээгддэггүй баялаг. Зарим нэгийг нь зөв ашиглахад л хангалттай. Үнэхээр зөв ашиглаж, ард түмэнд энэ орлогыг зөв хүртээхээр зохион байгуулсан бол өнөөдөр Монголын ард түмэн хангалттай хангалуун амьдрах боломж бий. Арабын орнуудаас дутахгүйгээр шүү...
 
Эцэст нь тэмдэглэхэд энэ цагийн уул уурхайн салбарт ямар ч зохион байгуулалт алга. Зохион байгуулалт муу байгаа нь төрийн муутай шууд холбоотой. Угаас монголчууд эртнээс  алтыг шууд ихээр авч хэрэглэхэд хүндэднэ. Өөрийнхөө хэмжээгээр хэрэглэ гэдэг философитой байсан.
 
Бид ч хувь заяагаар олдсон, эх нутагт маань байгаа газрын баялгийг хэдэн мянган жил хойч үед ашиглана гэсэн үүднээс бодож хөдлөх ёстой. Эхний үед хэдхэн орд газрыг л зөв ашиглах ёстой. Төр чухам энд л бодлогоо чиглүүлэх учиртай. Одоохондоо манайханд энэ тал дээр таг.
 
Геологи, уул уурхай, байгаль хамгаалах тал дээр хатуухан хэлэхэд хууль эрхзүйн орчин гээд тоочихмоор юм алга. Ашигт малтмалын хуулийн тухайд геологчдийн олж нээсэн юманд эзэн олж, лиценз олгох асуудльг зохицуулах төдий зүйл.
 
Үндсэн хуульд заасанчлан "... газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч" гэх зүйл заалт амьдрал дээр огт хэрэгждэггүй. Харин ч эсрэгээрээ өнөө их баялгийн маань 50 хувь нь авлига хээл хахуульд явчихдаг.
 
Зүй нь уул уурхайд орж буй орлогыг ард түмэнд тэгш зөв хүртээхэд төр маш санаачлагтай ажиллаж, шууд бэлэн мөнгө өгөх бус, тэр мөнгийг өсгөдөг машин зохион бүтээх ёстой.
 
Хэрвээ энэ янзаараа жаахан, бүр багахан хугацаа л алдах юм бол уул уурхай ашигт малтмалын эх орон хэмээгдэж дэлхийн чихийг дэлдийлгэж байсан маань дурсамж болон үлдэх гээд байна, таминь ээ.
 
З.Есүй
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин