УИХ-ын гишүүн Ж.Батзандан өргөн барих гэж буй шииэ хуулийн төслөө олон нийтэд танилцууллаа. Энэ хуулийн төсөл нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай аж. Тэрбээр УИХ-ын тухай хуулийн 6-р зүйлд тойргоос сонгогдсон гишүүнийг нийт сонгогчдын гуравны хоёрын саналаар эргүүлэн татах санал гарагсныг УИХ хүлээн авсан тохиолдолд эргүүлэн татах нэмэлт өөрчлөлт оруулжээ.
 
Мөн намын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүнийг тухайн намын төлөөллийн төв байгууллагаас эргүүлэн татах тухай санал гаргаж, түүнийг нь УИХ хүлээн зөвшөөрвөл эгүүлэн татна гэсэн санал оруулсан байна. Хэрэв олон нийт энэ саналыг дэмжих юм бол УИХ-ын даргад өргөн барих аж. Хэвлэлийн хурлын үеэр түүнээс цөөн зүйлийг тодрууллаа.
 
 
-Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл гэх тодотголтой олон өөрчлөлтүүдийг хийж байна. Ингэхэд тэр шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд хийгдэж чадаж байна уу. Тогтолцооны хувьд?
 
-Энэ Засгийн газарт хийж байгаа ажил олон бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Бас хийж чадахгүй, хийх ёстой олон ажлууд цалгардаж байгааг бид ил тод шүүмжилж, хэлж, ярьж байгаа. Харин ч энэ Засгийн газрын сайд, дарга нар шүүмжлэлийг хүлээж авч алдаагаа засч залруулж байгаа.
 
Мэдээж зарим нэг дарга нар алдаагаа олж харахгүй өнөөдрийг хүртэл улс орны хөгжил сайхан байна гэж үлгэр яриад сууж байна. Миний хувьд Засгийн газрыг огцруулах, сайд дарга нарыг унагаах гэхээсээ илүүтэйгээр гүйцэтгэх засаглалдаа ташуур өгч ажлыг нь урагшлуулах тухай бодох нь илүү чухал гэж бодож байна. Хэрвээ үнэхээр болохгүй бол хариуцлага тооцох тухай асуудал бас яригдана.
 
 
-Гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрөө их хуралд сууж байгаа тохиолдалд, хууль тогтоох байгуулага гүйцэтгэх засаглал хоёр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадах уу?
 
-Үүнтэй холбоотойгоор би бас нэг хуулийн төсөл санаачлан оруулж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашихыг хориглох тухай хуулийн төслийг боловсруулаад удахгүй өргөн барихаар зэхэж байна.
 
Өнөөдрийн манай тогтолцоогоор гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалынхаа дээр нь гараад суучихсан. Өөрөөр хэлбэл, энэ ордон дотор засаглалын хямрал нүүрлэчихээд байна. УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг ажилладаг болсон. УИХ нь байнгын хороодынхоо тамгын газар шиг болчихсон.
 
Засаглалын хямралаас гарахын тулд бас засаглалтай холбоотой хуулиудыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ УИХ-д байгаа гишүүдийн олонх нь энэ улс орныг аварч, туслахын тулд сонгогдсон болов уу гэж би боддог. Эрүүл саруул сэтгэлгээтэй гишүүдтэй уулзаж байгаа. Энэ чиглэлээр ярилцаж, ажлын хэсэг ч байгуулж байна.
 
 
-Та түрүүн олигархиуд буюу баячуудад зориулсан хууль шууд дээшээ явдаг, ард түмэнд зориулсан хууль гацчихдаг гэж ярилаа. Нэр заавал ямар хууль байна вэ?
 
-Зарим хүмүүс алт ухвал монгол хүмүүс сайхан амьдардаг болно гэж яриад байгаа. Алтыг заавал ухаж байж вальютын нөөцийг нэмэгдүүлэх тухай зарим хүмүүс номлоод байгаа. Би үүнтэй санал нийлдэггүй. Вальютын нөөцийг нэмэгдүүлэх олон арга байдаг.
 
Экспортоо нэмэгдүүлэх, гадаад худалдааныхаа алдагдлыг бууруулах, дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих замаар вальютын нөөцийг нэмэгдүүлдэг. Байгалиа сүйтгэхгүй, гол мөрнөө ширгээхгүй, ой модоо тасдахгүйгээр вальютын нөөцийг нэмэгдүүлж, баян тансаг амьдрах бүрэн бололцоотой.
 
Сингапур, Япон, Солонгос ямар ч алтгүй хэрнээ вальютын нөөцтэй л байгаа биз дээ. Өдрөөс өдөрт хөгжөөд л байгаа биз. Манай зарим улс төрч, эдийн засагчид заавал гол мөрнөө ширгээж байж эдийн засгаа өсөх тухай ярьдаг.
 
Заавал алт ухаж байж Монгол орон сайхан болох тухай ярьдаг тэр нөхөдтэй би санал нийлдэггүй. Эх орноо хайрлах хэрэгтэй шүү дээ. Бид, алтгүйгээр амьдарч чадна. Харин усгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ойлгох хэрэгтэй.
 
 
-Уржигдар намын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд та хоёр маргалдаж "зодно" гэж сүрдүүлсэн дуулдсан?
 
-Ардчилсан нам нээлттэй нам. Намын бүлгийн хуралдаан дээрээ бид ил тод нээлттэй маргалдаж, мэтгэлздэг. Эр хүмүүс бие бие рүүгээ хатуу ширүүн үг хэлэх тохиолдол байдаг. Энэ бол ажил хэрэгтэй холбоотой асуудал. Түүнээс биш хувийн өш хонзон биш 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин