Монголчууд бид сургамж аваагүй л байна даа
 
Саяхан шиг л санагдана. Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй нэлээд ярилцсаны эцэст хуучин ЗХУ-аас ОХУ-д шилжсэн Монголын их өрийг мулталж байв.
 
Үүнд
Монголын ард түмэн сэтгэл догдлон бид өргүй боллоо хэмээн хөөрцөглөж байсан. Энэ талаар бичигдсэн мэдээ нийтлэлүүд ч тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа зөндөө л гарсан. Гэтэл саяханаас Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээл нэмэгдсээр 7.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай дуулдах болов.
 
Үүн дээр хувийн хэвшлийн пүүс, компаниудын тавьсан өр зээлийг оруулбал дахиад ийм хэмжээний мөнгө байгаа гэхэд хилсдэхгүй. Одоогоос хэдхэн сарын өмнө эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол Улсын өр хуучин Зөвлөлтөөс ОХУ-д шилжсэн их өрөөс ч хол давлаа гэж хэлж байхад, арай ч дээ хэмээн эргэлзэж, эгдүүцэж байснаа нуух юун.
 
Гэтэл одоо энэ бүхэн үнэн болж хувирав. Энэ талаар Засгийн газар, Монголбанк ямарч тодорхой мэдээлэл хийхгүй байгаа. Бодоход Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унана хэмээн эмээснийх биз. нөгөөтэйгүүр Засгийн газар бонд босгох ажилд нэлээд гаршаад байгаа.
 
Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар "Чингис" бонд гаргаж олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.доллар босгосон. Энэхүү бондын таван жилийн хугацааны хүү анх 4.1 хувь байсан бол одоо 7.25 болсон байна. Тодруулбал, Монгол Улс дээрх бондын хүүд хоногт ойролцоогоор 196 мянган ам.доллар толж байгаа.
 
Үүнийг төгрөгт шилжүүлбэл хэдэн зуун сая төгрөг болох нь тодорхой. Үүний дээр ам.долларын ханш чангарч төгрөгийн ханш суларч байгааг тооцвол ханшийн зөрүү улам нэмэгдэнэ. Энэ хэрээр Монгол Улсын бондын хүүд төлөх төлбөр улам нэмэгдэж байгаа гэсэн үг.
 
Одоогоор бондын хөрөнгийг урт хугацаанд үр ашгаа өгөхгүй дэмий төсөл хөтөлбөрүүдэд зарцуулж байна гэсэн яриа хөвөрсөөр байна. Энэ тухай өмнөх дугаарт чамгүй гаргасан тул дахин нурших нь ипүүц юм.
 
 
Дахиад 3.5 тэрбум ам.долларын бонд гаргах нь зөв үү буруу юу?
 
Сангийн сайдын хэлснээр үлдсэн 3.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газар 2016 онд гаргахаар төлөвлөж буй бололтой. Ингэх эрхийг ч УИХ, Засгийн газар олгосон. Харин хэдийд гаргахыг Засгийн газар л шийднэ.
 
Ямартай ч 3.5 тэрбум ам.долларын бонд гаргахад нь хүүг нь өмнөх 1.5 тэрбум ам.долларын хүүтэй адил авч чадахгүй нь лавтай. Учир нь Монголын эдийн засаг тодруулбал, уул уурхайд оруулах гадаадын шууд хөрөнгө оруулалт "үргэх" шинжтэй болчихов.
 
Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад төлбөрийн чадвар, эдийн засгийн өсөлтийн хурдац, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, ойрын болоод дунд хугацаанд Монгол Улсад орох орлогын хэмжээ өр зээл гээд үүнд нөлөөлөх олон зүйл бий.
 
Өнөөдөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувьтай байгаа ч эдийн засагт уул уурхайн олборлолт, экспорт ноёрхсоор байна. Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд байгаа ч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг үйлдвэрлэлийн хувь хэмжээ тун бага байгаа юм.
 
Одоогийн байдлаар улсын төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөгт хүрээд байгаа нь төсвийн орлогыг бүрдүүлэх үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хэмжээ ямархуу байгааг гэрчилж байна.
 
Иймэрхүү нөхцөлд Засгийн газар бонд гарган улс орны эдийн засгаа тэлэх гэдэг нь хэр оновчтой юм бол. Энэ талаар улс төр судлаач, эдийн засагчид янз бүрээр л ярьж байна. 
 
 
Үг сонсоход илүүдэхгүй
 
Тухайлбал, нийтлэлч Баабар хэлэхдээ "Монгол Улс "хэт хөгжөөд" ноолуур, мах, аялал жуулчлал, арьс ширэн дээр амьдрахаа нэгэнт больсон. Арван хэдэн жилийн өмнө ганц тэрбум ам.долларын үндэсний үйлдвэрлаатэй байхдаа л "малын буян" хардаг байлаа. Одоо арван тэрбумын эдийн засагтай болсон.
 
Энэ орон байгалийн түүхий эд, гадаадын хөрөнгө оруулалт хоёр дээр тулгуурлах болсон. Тэр нь алга болчихоор малын буян дээрээ л эргэж очино доо. Эдийн засгийн солонгоруулах тухай их ярина аа. Салбар болгоныг жигд хөгжүүлэх гэнэ. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй.
 
Тэр мөнгийг эсгий таавчиг, арьс шир, ноолуураас гаргахгүй ээ." гэв. Мөн эдийн засагч Д.Жаргалсайхан "Ойрын хоёр гурван жилдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг шинээр татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид гээд жижиг хоолны газрыг хэлэхээ бид больсон.
 
Урт хугацаагаар хөрөнгө оруулдаг, хөрөнгө нь олон салбарын хөгжилд үр нөлөө үзүүлдэг тийм хүмүүсийг бид онцлох ёстой. Ямар ганзагын наймаа эрхлэхээр Монголд орж ирж байгаа биш. Одоо харамсалтай нь монголчууд хөрөнгө оруулагчдыг нохойн гуяар даллаад ч ирэхгүй. Байгаа том төслүүддээ тээг саад болголгүй, урамшуулах хэрэгтэй.
 
Оюутолгойн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлмээр байна. Тавантолгойн төслөө яаралтай хэрэгжүүлмээр байна." гэлээ. Үүнээс үзэхэд Монгол Улс эдийн засгаа тогтвортой байлгая гэвэл уул уурхайн түүхий эдийн экспорт, гадаадын хөрөнгө оруулалтанд тулгуурлахаас өөр гарц харагдахгүй байна. Хэрэв энэ байдлаас хазайж бондоор хэт хөөцөлдвөл Монгол Улс өрийн айхтар дарамтанд орох нь гарцаагүй.
 
Ш.Батцогт 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин