sonin.mn
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг чамбай болсон гэж үзэв
 
Юутай ч УИХ ээлжит чуулганаараа Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батлан гаргалаа. Эдгээр хууль нь Монгол Улсын эдийн засгийн харилцааг зохицуулахад томоохон үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Үнэнийг хэлэхэд уг хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ихээхэн хүлээлт үүсгэсэн.
 
Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтыг энэ онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан байна. Үүнийг үнийн дүнгээр нь авч үзвэл 1.8 их наяд төгрөг юм. Ийм учраас хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын талаар тодорхой ахиц дэвшил гаргахаас өөр зам байгаагүй.
 
Хуулийн тухайд УИХ-ын гишүүд ч өөрсдөө ам сайтай байгаа нь илт. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ "Урьд нь хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод, том, жижиг гэж ялгадаг байсан бол энэ хуулиар ингэж ялгадаг байдлыг арилгалаа.
 
Оруулсан хөрөнгийнх нь их багаас шалтгаалан татварын тодорхой орчноор хангах, төрөөс дэмжиж байгаа салбаруудад хөрөнгө оруулалт хийвэл татварын орчин тогтвортой байх, одоо мөрдөгдөж байгаа татварын хуулиар хөнгөлөлт эдлэх, хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талтай заалтууд орсон.
 
Тодруулбал, аймгуудыг бүсээр нь ангилж, алслагдсан бүсэд хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагч нарын татварын тогтвортой орчныг уртасгах зэргээр давуу талтай боломжийг бүх хөрөнгө оруулагч нарт өгснөөрөө энэ хууль ач холбогдолтой, чамбай хууль болсон гэж дүгнэсэн" гэв.
 
Тэрбээр цааш хэлэхдээ Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын татвар өндөр биш ээ, хамгийн гол нь татварын орчин нь тогтворгүй байдаг гэж тайлбарладаг. Тиймээс бизнес явуулахад их хүндрэлтэй байдаг. Цаашдаа хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол амин сүнс нь татварын орчныг тогтвортой байлгах асуудал юм.
 
Татварын нийт 50 гаруй хувийг бүрдүүлдэг гол нэрийн татваруудыг тогтворжуулах үзэл баримтлалыг цаашид барьж ажиллана." гэв. Үүнээс үзэхэд Хөрөнгө оруулалтын тухай хууль нийт хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн боломж олгосон хууль бололтой.
 
 
Урсгал зардлыг таван хувиар буулгахаар тооцжээ
 
УИХ-ын анхаарлын төвд байх өөр нэг асуудал бол улсын төсөв. Саяхан Засгийн газраас 2014 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Мөн 2015-2016 оны төсвийн төсөөллийг Засгийн газраас УИХ-д өргөн барив.
 
Улсын төсвийн төслийг жил бүрийн намрын чуулганаар хэлэлцэн баталдаг боловч төсөв бодитой хийгдэж батлагдахгүй байгаа явдал юм. Энэ жилийн төсвийн хувьд гэхэд л улсын төсвийн орлого 222 тэрбум төгрөгийн тасалдалтай байгаа дуулдана.
 
Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл энэ оны сүүлч гэхэд төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж магадгүй байна. Энэ талаар ч Сангийн сайд Ч.Улаан өмнө нь мэдэгдэж байсан. Энэ бүгд ердөө төсвийн орлого талыг тооцохдоо хэт өндөр төсөөллөөр тооцож хийсэнтэй холбоотой юм.
 
Иймээс Засгийн газар энэ жил төсвөөс хийх хөрөнгө оруулалтаа танахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа. Харин ирэх оны төсвийн төслийн хувьд Засгийн газар ихэд нухацтай хандах нь илэрхий.
 
Саяхан Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Төсвийн төслийг боловсруулахдаа, УИХ-аас баталсан Төсвийн хүрээний мэдэгдлийн гол зарчим, Төсвийн тогтвортой байдлын үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж боловсруулсан. Төсвийг боловсруулахад хуулийн дагуу дөрвөн үндсэн шаардлагыг хангасан байх ёстой. 
 
Нэгдүгээрт, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийн савалгаанаас төсөв аль болох ангид байдаг учраас төсвийн орлогыг аль болох тэнцвэржүүлсэн зарчмаар тооцсон.
 
Хоёрдугаарт, төсвийн алдагдлын эзлэх хувийн жин дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Гуравдугаарт төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах учиртай. Өөрөөр хэлбэл, 2012 оны төсвийн зарлагын өсөлтөөс нэмэгдүүлэхгүй байх зарчим барьсан" гэлээ.
 
Энд онцлоход төсвийн төсөлд 2014 онд урсгал зардал өмнөх оноос тав орчим хувиар буурсан байдлаар төлөвлөгджээ. Сангийн сайдын хэлснээр, хэрэггүй, үргүй зардлыг тэвчих, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, төсвийн алдагдлыг хэмнэх,улсын төсвөөс өгч байгаа татаас, шилжүүлэг дэмжлэгийг аль болох бага хэмжээнд хязгаарлах, нөөц бололцоогоо дайчлан төсвийн орлогыг зарлагатайгаа уялдуулах зарчим баримталсан байна.
 
 
Өр төлбөрт 450 тэрбум төгрөг зарцуулна
 
Харин төсвийн алдагдльн хоёр эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төсвийг хийжээ. Тухайлбал, Засгийн газрын үнэт цаас гаргах, мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглах замаар 2014 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр тооцсон байна.
 
Гадаад өр төлбөрийн хувьд, хандивлагч орнуудаас урт хугацаанд авч ашигласан хөнгөлөлттэй зээлийн өр төлбөрүүд төлөвлөгдсөн хугацааныхаа дагуу хийгдэх юм байна. Гэхдээ энэ нь төсөвт онцгой ачаалал өгөхгүй. Харин ойрын хугацаанд авч ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрүүдийг барагдуулах асуудал бий.
 
Тухайлбал, Оюутолгойгоос авсан 250 сая ам.доллар байгаа. Мөн Тавантолгойгоос 350 сая ам.доллартай тэнцэх урьдчилгаа төлбөр бий. Иймээс ирэх онд 450 орчим тэрбум төгрөгийг төсвөөс төлөх юм. Дашрамд дуулгахад олон жилийн хугацаанд ашиглаж ирсэн хөнгөлөлттэй зээлийн үндсэн болон хуүгийн төлбөр жилдээ 150 орчим тэрбум төгрөг болдог байна. Энэ бүхэн улсын төсөвт багагүй ачаалал өгөх нь гарцаагүй.
 
 
Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг төлөвлөжээ
 
Улсын төсвийн төсөлтэй холбогдох өөр нэг асуудал бол ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдэх эсэх асуудал юм. Энэ талаар Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ирэх онд цалин, тэтгэврийг нэмэх тухай нэг бус удаа мэдэгдэж байсан.
 
Харин ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар, 2014 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөжээ. Гэхдээ чухам хэдийнээс, ямар хувь хэмжээтэй нэмэх талаар одоогоор тодорхойгүй байна. Мэдээж энэ асууддыг УИХ-аар нэлээд нухацтай авч үзэх нь гарцаагүй.
 
Засгийн газар бол ирэх онд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ямар байх мөн хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж, ажлын эцсийн үр дүн, салбарын онцлог зэргийг харгалзах бодлого барьж байна. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн УИХ шийднэ.
 
Эдийн засагчдын ярьж буйгаар ирэх оны төсөв нэлээд бодитой хийгдэж магадгүй юм. Учир нь энэ оны төсвийн орлогын бүрдүүлэлт тун муу, төлөвлөсөн хөрөнгө оруулалт хойшлогдож байгаа нь УИХ, Засгийн газрын гишүүдэд эрх биш нэгийг бодогдуулж байгаа биз ээ.
 
Ш.Батцогт
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин