sonin.mn
Монгол Улсын энэ оны төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болов. Өнгөрсөн таван жилд төсвийн хөрөнгө оруулалт буюу зардал 4-5 дахин нэмэгдсэн байна. Иймд төсвийн ачааллаа нөхөхийн тулд Засгийн газар татварын хуулиар оролдож эхлэв.
 
Үүнийгээ зөвтгөн тайлбарлахын тулд, татварын хоёр дахь шинэчлэл хийж байна. Төсвийн орлогын тасалдалттай огт хамаагүй. Татварын одоогийн хувь хэмжээнд ямар нэг өөрчлөлт орохгүй гэсэн тайлбарыг өгсөөр байна. Гэтэл тэрхүү татварын хоёр дахь шинэчлэлт гэдэгт шинээр татвар бий болгох асуудал тусгагдаж байгаа юм.
 
Тухайлбал, хотын, өв залгамжлалын болон бэлэглэлийн, өндөр орлоготой иргэдийн гээд хэд хэдэн татвар шинээр бий болох нь тодорхой болов. Мөн үүний хүрээнд нийтдээ 17 татвар шинээр бий болох гэж буйг "24 цаг.мн" сайтад дурдсаныг зарим мэдээллийн эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
 
Гэвч энэ талаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулагчид одоо хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Саяхан Сангийн дэд сайд С.Пүрэв хэлэхдээ "Хотын татвар нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнээс авах татвар юм.
 
Бидний тооцоогоор үйлчилгээний, хэрэглээний хүрээнээс авч байгаа нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хэмжээг нь хотод үлдээх чиглэлээр төсөл боловсруулж байна" гэв. Мөн дэд сайд дурьдахдаа "Иргэд эдийн засгийн хувьд бэхжсэн, орлого нь нэмэгдсэн.
 
Үүнийг хойч үедээ бэлэглэх асуудалд тодорхой хэмжээний эдийн засгийн харьцаанд орж байгаагийнх нь хувьд татвар авах зайлшгүй шаардлага байдаг. Энэ бол олон улсад өргөн хэрэглэдэг туршлага.
 
Нөгөө талаасаа бэлэглэл гэдэг нэрийн дор хөрөнгийг дотооддоо хуваарилах, татвараас зугатааж, зувчуулах олон хэлбэрийн ажиллагаа давхар давхар гараад байдаг. Иймд бид Бэлэглэлийн татварыг шинээр бий болгож байгаа. Өв залгамжлах татвар үүитэй адилхан.
 
Аливаа шинээр бий болсон өртгийг дараагийн үедээ өв залгамжлуулан үлдээх эдийн засгийн харьцаанд авч байгаа хүнд тодорхой хэмжээний орлого. Тэгэхээр энэ орлогоосоо тухайн хувь хүн заавал татвар төлөх ёстой" гэлээ. Энэ бол тун хачирхалтай бөгөөд хүндхэн асуудал.
 
Тодруулбал эцэг эх нь хүүхэддээ өрх тусгаарлалаа гээд мал тасалж өгвөл тэдгээр малаас нь татвар авах жишээтэй. Гэтэл тэр мал сүргийг тэр хүүхэд өөрөө маллаж нэмүү өртгийг бий болгочихсон байдаг.
 
Нөгөөтэйгүүр өрхийн мал аж ахуйд, нэг хүний биш, нийт гэр бүлийн хүмүүсийн хөдөлмөр шингэсэн байдгийг ухаарах хэрэгтэй. Яаж ч бодсон өөрийнх нь бий болгосон юмыг өөрт нь шилжүүлэхэд татвар ногдуулж болохгүй нь тодорхой.
 
Өөр нэг жишээ татахад үр хүүхэд, дүү нараа шинэ гэр барьж, найр хурим хийх, хүүхдийн сэвлэг үргээхэд халуун хошуутай мал гэж хонь бэлэглэх явдал бий. Энэ бол ямар ч хуулиар зохицуулагдаж болдоггүй ардын уламжлал. Энэхүү ёс суртахууны хэм хэмжээг хуулиар зохицуулах гээд зүтгэх нь хаашаа бол.
 
Гэвч энэ талаар УИХ-ын эрхэм гишүүд минь нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин