sonin.mn
Өнгөрсөн оны I сард УИХ-ын нэгдсэн чуулганаар иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг баталсан учраас Монгол улс цаазын ялгүй 97 дахь орон хэмээн нэрлэгдэх болсон.
 
Энэ нь олон улсын хэмжээнд томоохон алхам болсон ч өнөөдрийг хүртэл өөрт нь огт хамаагүй хэргийн өмнөөс цахим хуудсаар цаазын ялыг сэргээхийг хүсэгчид олширч. Учир нь гэвэл өнөөгийн нийгэм хар бараан мэдээллээр булагдаж, нийгмийн сэтгэлзүй тэр чинээгээрээ булингартаад байна.
 
Иргэдийн мэдээлэл авах бүх сувгууд гэмт хэргийн шинжтэй, аллага, завхралтай мэдээллийг нийгэмд нэн түрүүнд өрсөж хүргэхийн тулд хоорондоо мэрэлцэж байхад арга ч үгүй юм.
 
Харин сүүлийн үед гэмт хэргийн шинжтэй мэдээ, материалын дор бичигдсэн иргэдийн сэтгэгдэл дундаас миний ажлыг үр дүнгүй болгож болох хэдий ч өөрийн эрхгүй үнэн гэж бодогдмоор уншигчдын сэтгэгдэл олноор бичигдэх болжээ.
 
Тэдгээр сэтгэгдлийг базаж, дундыг баримталсан нэг өгүүлбэр гаргах аваас "Нийгэмд энэ их стресс хуримтлагдаж байгаад сэтгүүлчид зохих ёсоор буруутай" гэх өгүүлбэр болж байна. Бичигчийн хувьд үүнтэй маргаж, мэтгэлцэх зүйл алга.
 
Тог тасрах төдийхнөөр хязгаарлагддаг хэдий ч зах хязгаар нь үл хэмжигдэх цахим ертөнцөд тоо томшгүй мэдээллийн сайт, мэдээллүүд байна. Минут, секунд тутам өөрчлөгдөж байгаа мэдээллийн энэ их шуурганд иргэд төөрч өдгөө залхаж байна.
 
Тэдний эрүүл сэтгэхгүй, хүнлэг чанарыг мэдээллийн хэрэгслүүд ямар ч шүүлтүүргүй мэдээ, мэдээллээр бөмбөгдөж байгаад уншигчид эсэргүүцлээ илэрхийлж байна. Угаас тэд улс оронд үйлдэгдсэн аллага, гэмт хэрэг бүрийг бүртгэдэг цагдаагийн хоногийн мэдээ нэгтгэгч, аль эсвэл болсон бүх процессыг сонсож эцсийн дүгнэлтийг үйлддэг шүүгч ч биш.
 
Гэтэл мэдээллийн хурд, өрсөлдөөн нэрэн дор аллага бүрийг А-гаас Я хүртэл дэлгэрэнгүй бичиж, нийгмийн сэтгэлзүйд асар хүчтэй цохилт өгөх нь хэрээс хэтэрч байх шиг. Саяхны жишээ дурдваас, татварын байцаагч бүсгүйд холбогдох хэргийг харьяа дүүргийн шүүх хянан хэлэлцэж сэжигтэнд зохих ялыг нь оноосон.
 
Гэвч талийгаач болоод ялтан нартай амрагийн харьцаатай байсан Батболд гэгчийг нийгмийн сэтгэлзүй болоод монголын сэтгүүлзүй шүүгчийн өмнөөс яллахаар улангасч байв. Яагаад тэр вэ.
 
Хэдийгээр яллагдагч нь Батболд гэгчийг харамлаж түүнтэй амрагийн харьцаатай байсан татварын байцаагч бүсгүйг зэрлэгээр хөнөөсөн ч Батболд гэгч нь хүн алж, хүрээ талаагүй. Тиймээс бүх зүйл хуулийн хүрээнд шударга шүүхээр таслагдсанд итгэж болно. Гэвч сэтгүүлзүй турхирч, иргэд үүнд нь автсан.
 
Эцэст нь дээрх шүүх хурлын үр дүнг хүлээж суусан хохирогчийн ээж тэсвэр алдаж, ялтны хүүхдийг аль эсвэл ээжийг нь ална хэмээн хэлсэн гомдол цөхрөлийг, заналхийллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас л нийтэд сүр дуулиантай цацсан. Энэ нь аллага, аллагаа төрүүлдгийн бодит жишээ биш юм уу.
 
Өчигдөрхөн гэхэд л Төв аймгийн Батсүмбэр суманд үйлдэгдсэн онц хэрцгий хэргийг мэдээллийн олон сайтууд иргэдэд хүргэлээ. Гэхдээ үр дүнг нь бодолцож үзсэнгүй. "З настай хүүхдийнхээ хоолойг эх нь хэрчжээ", "Хүүхдээ аймшигтайгаар хөнөөжээ", "Аллага гарсан үнэн бодит мэдээллийн түүхийг эндээс" зэрэг иргэдийг сэрт хийлгэсэн мессежийг л нийгэмд тараасаар байна. Цаашид ч ингэсээр байх уу.
 
 
Б.Ширнэн
 
Эх сурвалж: