sonin.mn
Манай оронд сүүлийн жилүүдэд ардчилал гэх "эрхэм" хурдацтайгаар хөгжиж, хүний эрхийн талаар эерэг нааштай шинэчлэлт гарч, их хотын гудамжаар явж буй авто машины тоо чанар, марк төрөл, хэлбэр хэмжээ, хүмүүсийн идэж уух, өмссөн зүүсэнд хувьсгалын 70 гаруй жилд гараагүй эрс өөрчлөлт орсон боловч эрх зүйт шударга нийгмийн гол шалгуур болох шүүх, прокурор, цагдаагийн байгуулгуудад харагдахуйц өөрчлөлт гарсангүй. 
 
Угтаа бол эдгээр байгууллагууд хүний эрх чөлөөг хүндэтгэж, нийгмийн хэв журмыг хамгаалах үйлст зүтгэхээр тангараг өргөсөн хүмүүс. Гэвч улаан нүүрэндээ төрийн цагдаа гэхээс илүүтэйгээр түмнийг цагдагч болсон гэхэд хилсдэхгүй биз. Учир нь сүүлийн жилүүдэд иргэдэд туслах ёстой үүрэгтнүүд, өөрсдөө элдэв асуудал үүсгэх болсныг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Муу сайн бүхий л газарт нэр нь цохиж явдаг тус байгууллагынханд алдаа оноо их бий. 
 
Гэтэл сүүлийн үед оноо гэхээс илүү алдаа туйлдаж байх шиг. Тэнд ч цагдаа нар утааны баг худалдах бизнес хийж байна, шалтаг хайж торгож байна, хүн зодлоо, хүн наймаллаа, хахууль авдаг, согтуугаар машин жолоодлоо, алаг машинтнууд машин мөргөөд явлаа гэхчилэн бодролд буумааргүй авир гарах болсон. 
 
Уг нь тусламж хэрэг болсон үед нэн тэргүүнд иргэддээ гараа сунгах ёстой үүрэгтнүүд өдгөө өөрсдөө ард иргэдээ "мөлжиж" хөл орох болсон нь анхаарал татаад болдоггүй. Учир юу гэвэл, манай сонины уншигчийн бидэнд өгсөн мэдээллээр Төв аймгийн Лүн сумын ойролцоо байрлах цагдаагийн постод ашиг олох зорилготой гэмээр бизнес цэцэглэж буйг онцлов.
 
Тодруулбал, уг пост нь хотоос хөдөө орон нутгийг чиглэн явж буй, жижиг оврын машинуудыг зогсоож, эргэн тойрныг нь ажиглаж, өө сэв хайж, ямар нэг зөрчил илрүүлдэг аж.
Тэр ч бүү хэл, зөрчил олохгүй тохиолдолд галын хор, ослын зогсолтын тэмдгийг шалгаж гардаг гэнэ. 
 
Угтаа бол замын цагдаагийнхан үнэхээр жолоочийн аюулгүй байдлыг хангахаар анхаарсандаа торгодог бол ч бас яахав. Гэтэл тус салбарынхан аюулгүй байдлыг хангахаасаа илүү ашиг олох хэрэгсэл болгож, элдэв зүйл зарж буйг учир мэдэх нэгэн өгүүлэв. 
 
Эл пост нь том оврын машин, хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас бусдыг зогсоож, галын хор, ослын зогсолтын тэмдэг зэргийг шалгаж, байхгүй тохиолдолд постын ойролцоох дэлгүүрээс "яг одоо худалдаж ав..." хэмээн "зарлигддаг" аж. Тухайн үед жолооч худалдаж авахгүй тохиолдолд торгуулиа төл, эсвэл гурвалжингаа ав гэж тулгадаг нь бүр ч хачирхалтай. 
 
Мөн машинд нь тус тэмдэг байлаа гэхэд одоо ийм загвар хэрэглэдэггүй гэхчилэн байж боломгүй инээдтэй шалтаг тулгаж, машинуудыг торгохын хажуугаар гадуур 2000-3000 төгрөгийн үнэтэй ослын зогсолтын тэмдгийг 7000 төгрөгөөр хүчээр зарж буй нь ямар гээчийн шинэ бизнес вэ. 
 
Арай цаанаа хэн нэгэн эрх мэдэлтний шахааны бизнес замын цагдаагийхны гар хөлөөр хөлжиж байгаа юм биш биз гэх хардах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахгүй бол болохгүйдэг шүү. 
 
Хэдий болтол шар нар бор хоногийг арай ядан өнгөрүүлж буй иргэд төрийн хувцаснаас эмээж, торгуулж, мөлжүүлж амьдрах вэ. Тэртээ тэргүй ард иргэд эдийн засгийн хувьд хямралтай, нуруундаа багтамгүй их ачааг үүрч буй өнөө үед энэ мэт хямдхан аргаар иргэдийг сорж, туйлдуулах хэрэг байна уу. 
 
Учир мэдэх нэгний хэлж буйгаар тус тэмдэг зардаг дэлгүүр эл постын нэг даргынх нь дэлгүүр бөгөөд нэг давхар 6x8 метрийн харьцаатай, машинд байх бүхий л тэмдэг тэмдэглэгээ борлуулдаг дэлгүүрт үйл ажиллагаа явуулдаг байх юм, албанынхаан. 
 
Үүгээр ч дуусаагүй. Энэ тохиолдол ганц эл газарт бус мөн Багахайнгай Дүүргийн цагдаагийн пост төдийгүй зарим нэг постууд болон хэд хэдэн чиглэлийн зам дагуу цагдаа нар хөдөлгөөнд оролцож буй жолоочдыг нэг иймэрхүү ядмаг аргаар хөлждөг гэх мэдээлэл ирснийг дуулгая, цагдаа нар одоо бүр хүчээр наймаа хийдэг болчихжээ. 
 
Нийгмийг цэвэрлэж, хамгаалах үүрэгтнүүд өөрсдөө бохир бизнест хамсаж гар дүрэлцээд буй үед хэнд итгэж хэнээр хамгаалуулахаа мэдэхээ байх нь. Угтаа бол энэ асуудлыг иргэд мэддэг ч тэр бүр ам нээж чаддаггүй нь өнөөгийн цагдаа гэх төрийн хувцас өмссөн хүнд сурталтай хэдэн нөхдүүдийн "та нар цагдаагаар оролдоод хол явахгүй", "Хотоор машин чинь явахгүй байхыг чинь харна" гэх зэрэг сүрдүүлгэд номхорч, амаа үдүүлэн амьдарч буй нь өдгөө хэвийн үзэгдэл болчихож. 
 
Хяналт шалгалтын байгууллагынхан хөдөө орон нутагт ажиллаж буй цагдаагийн постуудад анхаарал хандуулахгүй бол "шагийн, шахааны бизнес" цэцэглэж гүйцлээ. Нэг төгрөөр газар дүүрнэ гэгчээр цагдаа нар хүртэл иргэдээс ийм аргаар мөнгө салгаж байхад орлого нь зарлагаасаа хэр барагтаа давдаггүй иргэд яаж амьдрах вэ. 
 
Ядаж байтал тэрхүү хүчээр худалдсан тэмдэгийнхээ орлогыг улсад тушааж байгаа гэж үнэмшилгүй зүйл ярих нь бүр ч яршигтай. Гадуур хүнсний захын ченжүүд үнээ нэмж хөөрөгддөг өвчлөл өдгөө замын цагдаагийнхны дамлалтаар үргэлжилж буй нь ард түмнээ нэг мөсөн шулах бодлогоор өвчилсөн нэг төрлийн шинэ өвчин үү гэлтэй.
 
Юманд учир, суманд гичир гэдэг дээ алдаа зөрчил гаргасан тохиолдолд торгож анхааруулах нь зөв хэдий ч энэ мэт арга нь буруу санагдах юм. Энэ бүхнийг аль цагийн хэн гэгч баатар хэрхэн зохицуулахыг харж л сууя даа.
 
 
Эх сурвалж: