sonin.mn
Аливаа улс орон, яам тамгын газарт эдийн засгийн шинжтэй хямрал нүүрлэнэ гэдэг нь удирдлагын менежмент муу байгаатай холбоотой гэдгийг манайдаа л эдийн засгийн ухаандаа толгой гэгддэг О.Чулуунбат агаа хэлчихжээ.
 
Энэ үгийн утга дүйх хэсэг нь тэгвэл өнөөдрийн эдийн засгийн нөхцөл, чадамжаас анзаарвал Монголбанк, түүний толгой Н.Золжаргалтай ихэд хамаатай болж харагдаад байна. Мэдээж нохой сүүлээ сүүл нь хонгорцогоо гэж үг бий. Энэ үгийг санаваас Золжаргал Ерөнхийлөгчийн ам таглах үг нь нэн тодорхой.
 
Энэ Засгийн газар айлын үрэлгэн авгай шиг л авдартаа байгаа хэдэн халтар төгрөгтөө хэт үрэлгэн хандаад байна. Дээр суугаа ноёдын гарынхаа салаагаар урсгасан зардлыг нийт мөнгөний урсгал руу шингээж, дээр нь нэмж төсвийн алдагдлыг барихаар зүтгэж, инфляцийг онилоно хэмээсэн нь ам асуухад хүргээд байгаа.
 
Нийслэлийн өдөр хэмээж өчигдөр Чингисийнхээ талбайд хямдрал зарласныг эс тооцвол монголд хүнсний болон өргөн хэрэглээний бараа материалын үнэ тэнгэрт тулчихсан. Гадаад вальютийн ханш байнга шахуу савлах болов. Бондын гэх "ломбардны" мөнгө нь үр ашиггүй, өсөх боломжгүй салбар руу урсаж хүүнд нь Монгол Улс дээлээ тайлах хэмжээнд хүрснийг одоо нуугаад яах билээ.
 
Чухам үнэнийг цөөн үгээр хэлэхийн оронд төсвийн алдагдлыг хоёр хувьд барина, анх удаа инфляци, хөгжил хоёроо зэрэг онилсон бодлого хэрэгжүүллээ, Монголбанк инфляцийг бууруулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар гадаад эдийн засгаас хамаарах хамаарлыг багасгах, эдийн засгийн дархлааг сайжруулахад бодлогоо чиглүүлж байна...гэх мэт цаасан дээр л тодорч буй чамин ганган өгүүлбэрээр олон нийтийг хуурсаар өдийг хүргэв.
 
Үнэхээр манай эдийн засгийн нөхцөл байдал ялангуяа Н.Золжаргал Ерөнхийлөгчийн төсөөлж буй шиг эерэг сайн байгаа бол сүр дуулиан болоод байсан орон сууцны зээл болоод ам.метрийн үнэ хямд, дундаж болон залуу гэр бүлүүдэд зээлийн нөхцөл болон урьдчилгаа төлбөр боломжийн байх байлаа.
 
Үнэхээр түүний зөв бол өдгөө өргөн хэрэглээний барааны үнэ лангуун дээрээ үнэ хадаж харийн ногоон мөнгө монгол төгрөгийг бут цохихгүй байх байв. Түүний зөвсөн бол Монгол Улсын мөнгөний зах зээлд төгрөг дутагдаад байхад төв банк нь захаасаа мөнгө татахгүй байх байлаа.
 
Энэ мэт манайх руу чиглэх хөрөнгө оруулалт саарч эдийн засгийн орчинд эх захгүй хөөсрөлт бий болчихоод байхад ч тэнэгийг дотор уужуу гэмээр хээв нэг хямрахгүй, бид мөнгөний "хатуу", "зөөлөн" бодлого барьж байгаа, ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн салбарыг илуү дэмжих бодлого барьж байна гэх мэт гоё үг хэлээд буй нь инээдэмтэй.
 
Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн яриад байгаа гоё бодлого ЖДҮ-ийг яг дэмжээд үр ашгаа өгсөн үү гэвэл эргэлзээтэй. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газрын тархи, толгой, гар хөлнүүдтэй хэт сүлэрч, хэн нь хэнийхээ өмгөөлөгч, хамгаалагч мэт харагдаад байгаа нь мэдэгдэхгүй шахам болчихсон Төв банкны удирдлагын үйл хэргийг хэрхэн тодорхой болгох вэ.
 
Манайдаа л нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн гол түншлэгч болдог хятадын эдийн засаг нэг үеэ бодвол унаж энэ хэрээр нүүрсний болон бусад хөрөнгө оруулалт зогссон нь үнэн. Тэглээ гээд бид, манайх дотооддоо дагаж хямрах, эдийн засаг дахь вальютийн ханш савлах ёсгүй.
 
Тэгэхээр зөв менежмент л хэрэгтэй гэсэн үг биш гэж үү. Энэ менежментийг хэн хийх ёстой вэ. Төв банкны Ерөнхийлөгч өө таны оролцоо чухал биш үү. Ингэхийн тулд жинхэнэ олигархи биш, баялаг бүтээх гэж зүтгэж буй иргэдийн гэрт ямар амьдрал хөвөрч байгааг анзаарвал таны толгойноос эдийн засгийн гол харилцагч урд хойд хоёр хөрштэйгөө Монгол мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийдэг байх тухай, Монголчуудын ам.доллар болон юаньтай харьцах хамаарлыг арилгах, бодлогын хүүг нэг хувь болгох гэх мэтийг ханцуй шамлан хийх байв.
 
Гэтэл тэр тэгсэнгүй. Дэмий л Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсов, энэ нь манай улсын эдийн засаг болон,төсвийн нуруун дээр хүнд ачаа боллоо гэх юм. Харамсалтай нь Н.Золжаргал ерөнхийлөгч өө, Оюутолгойн гэрээг өөрчлөөгүй цагт ам.долларын ханш байсгээд л огцом өсөж буурдаг үзэгдэл хадгалагдсаар байх бус уу.
 
Ухаж бодвоос манай Засгийн газар болон төрийн мөнгөний бодлого Оюутолгой гэх аварга луйврын компанид хөнгөлөлт үзүүлж хууль, эрхзүйн таатай орчинг энэ мэтээр бүрдүүлж өгөөд байна уу гэж харагдаад болдоггүй ээ.
 
Оюутнууддаа сар бүр 70 мянган төгрөг тарааж сум бүрт 200-300 сая төгрөг төсөвлөж, алтыг нь ухаад авдрыг нь хаядаг үй олон нинжа, алтны компаниудаа цэгцлээгүй хэрнээ байгаль сүйдлээ гэж хашгирах, алтны уурхайнуудад нөхөн олговор өгнө хэмээн тэнэглэх, дэлхийн эдийн засгийн гол тоглогчдод хар алтаа хэт доогуур үнэлчихээд эцэст нь духаа маажих...
 
Ерөнхийд нь бодоход л уул уурхайгаас хамаг бүхнээ олно хэмээн бардаж төсвөө өндөр бүрдүүлчихээд өдгөө 1.5 их наядын алдагдалд орчихлоо хэмээн төсвөө тодотгож хэдэн өдрөөр хэрэлдэх хэрэг байсан уу? Тэгэхээр хүн амьдрахгүй энэ олон "сумдыг нэгтгэж" төрийн нүсэр том байгууллаа өөрчилж болдоггүй юм уу.
 
Оюутнуудад хавтгайруулан олгодог 70 мянгын халамжаа зогсоож ганц сайхан үйлдвэр босгоход анхаарлаа хандуулж болдоггүй юм уу. Манайх шиг загас хэрхэн барих аргыг нь заагаагүй байж хэрхэн идэж болдгийг нь харуулж мунгинадаг улс хэчнээн байгаа бол. Ерөнхийлөгч нэгэнтээ хэлж л байсан биш билүү.
 
Орон нутагт нь захиран зарцуулах эрхийг нь шилжүүлэх тухай. Төрийн гар хөл, мөнгөнийхөө бодлогыг мэдвэл мэдсэн шиг ажлаа хийж болдоггүй юм уу. Яг үнэндээ манай улсын эдийн засгийн бодлого замбараагүй, эмх цэгцгүй, хэн дуртай нь аваад үрж болдог, хяналтгүй, удирдлагагүй харагдаад байна.
 
Төрийн мөнгөний авдар дээр нэрээ сийлүүлчихээд суугаа Н.Золжаргал Ерөнхийлөгч өө, та юу бодном бэ. 
 
Эх сурвалж: