sonin.mn
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийнхээ дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монгол-Германы хамтарсан Хумбольдын нэрэмжит 38 дугаар сургуулийн газрыг хууль бусаар авахаар Хотын захирагч Э.Бат-Үүлд газар олгох хүсэлт явуулжээ.
 
Тиймээс түүний энэ хууль бус үйлдлийг олон эцэг, эх «Д.Оросоогийн хийрхэл хэрээс хэтэрлээ» хэмээн хэлж байлаа. Тодруулбал Д.Оросоо өнгөрсөн сарын 31-нд хотын даргад «Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт газар эзэмших эрх олгох» тухай хүсэлт илгээжээ.
 
Хамгийн гол нь эл хүсэлтдээ 38 дугаар сургуулийн нэрийг дурдалгүйгээр «Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр 1000 m2 газрыг төрийн байгууллагын зориулалтаар эзэмшиж байна. Дүүргийн Засаг даргын тамгын газар байрлаж байгаа байр нь барилгын багтаамж болон хүчин чадал муудаж уг газар үйл ажиллагаа явуулж буй манай бүх хэлтэс, алба ажлын байрны шаардлага хангахгүй орчинд тус тусын ажиллагаагаа явуулж байна.
 
Иймд бид уг хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэхийн тулд одоо байрлаж байгаа конторын барилгын урд талд Нутгийн удирдлагын ордны зориулалттай барилгыг автомашины зогсоол, гадна тохижилтын хамт тус тус барих боломжтой.
 
Тиймээс бид Нийслэлийн Баянгол дүүргийн боловсролын хэлтэс болон 38 дугаар сургуулийн удирдлагуудтай зөвшилцөж эл шийдвэрийг гаргасан тул Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын урд талд байрших 1970 m2 газрыг эзэмшүүлж өгнө үү» гэжээ.
 
Түүний гаргасан дээрх хүсэлтийг Хотын дарга Э.Бат-Үүл ёсоор болгож 1970 m2 газрыг Нутгийн захиргааны ордон, 38 дугаар сургуулийнбарилгыгбарихад эзэмшүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.
 
Сургуулийн газрыг дээрэмдэж авахын тулд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль барьж өгөх болно хэмээн Д.Оросоо их л даналзсан тухай тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд сургуулийн удирдлагуудад хүртэл гомдол мэдүүлж, тэднийгАТГ-т шалгуулахаар болсон юм билээ.
 
Үнэн хэрэгтээ Д.Оросоо даргын хүссэн газар нь түүний дүүргийн эзэмшилд байдаггүй эсрэгээрээ 38 дугаар сургуулийн 340 хүүхдийн хүчин чадалтай актлагдсан сургууль болон биеийн тамирын талбай байрладаг аж.
 
Тухайлбал эл сургууль нь хичээлийн Cl, С2 ГЭСЭН байруудтай. Нэг нь 500, нөгөө нь 340 хүүхдийн суудалтай. С2 байрын барилгын чанар муудаж, стандартын шаардлага хангахгүй болсон учир ашиглалтаас гаргасан юм билээ.
 
Тиймээс сургуулийн удирдлагууд зөвшилцөөд хуучин сургуулиа нурааж, оронд нь 920 хүүхдийн суудалтай хичээлийн байр барихаар шийдэн холбогдох газрын албан тушаалтнууд нь хүртэл хөрөнгө мөнгийг нь нийслэлийн төсөвт суулгахаар ярьж байсан аж.
 
Гэтэл гэнэт л өнгөрсөн аравдугаар сард тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо сургууль дээр өөрийн биеэр хүрэлцэн ирж байрны асуудал ямархуу байгааг нь сонирхоод явжээ. Ингэхдээ тэрбээр сургуулийн удирдлагуудаас газартай холбоотой нэг ч асуудал хөндөж яриагүй юм билээ.
 
Харин ч «2014 оны төсөвт танай сургуулийн 940 хүүхдийн сургуулийн байрыг яаралтай суулгаж өгнө» хэмээн багш, ажилчид төдийгүй захирлыг нь сайхан гэгч нь хошгируулаад, ар хударгаар нь тус сургуулийн газрыг судалж, улайм цайм дээрэмдэх ажиллагаандаа орсон нь энэ.
 
Тиймдээ ч Э.Бат-Үүл даргад 38 дугаар сургуулийн нэрийг дурьдалгүйгээр дөрөвдүгээр хороо хэмээн хүсэлт илгээсэнд багш, ажилчид «Нийслэлийн Засаг дарга болон хотын удирдлагуудыг төөрөгдүүлэхийн тулд газ¬рын байршлыг тодорхой бичилгүйгээр дээрэм хийж байна» хэмээн бидэнд хандсан юм.
 
Тус сургуулийн нийт багш ажилчид«Бид сургуулийнхаа газрыг дээрэмдүүлснээ өнгөрсөн долоо хоногт л мэдлээ. Энэ бүх асуудалд бид Ч.Отгондаваа захирлыг хардаж байсан юм. Түүнийг хамт олноосоо далдуур дүүргийн удирдлагуудтай ЗӨВШИЛЦӨЖ бичиг баримтад гарын үсэг зурлаа гэж бодсон.
 
Гэтэл Засаг дарга Д.Оросоо эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хотын дарга Э.Бат- Үүлд худал хүсэлт илгээсэн газар эзэмших эрх олгох тухай баримтыг нь бид олж авсан. Эл хүсэлтдээ манай сургуулийн нэрийг дурьдалгүйгээр дөрөвдүгээр хороо гэж бичсэн байгаа юм.
 
Түүнчлэн багш нартай уулзаж, зөвшилцсөн гэж мөн л худлаа зүйл бичсэн байна билээ. Өмнөх Засаг даргын үед манай сургуулийн газар руу ингэж халдаж байсан тохиолдол байгаагүй. Тэгээд ч хүсэлтэд бичсэнчлэн ЗДТГ- ын эзэмшил газар гэж бий шүү дээ.
 
Манай сургуулийн нэр дээр 2006 оны гуравдугаар сарын 24-ний өдөр 8352 m2 талбай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх хууль ёсны газар эзэмших гэрчилгээ хүртэл бий.  Гэтэл бүх зүйл хуулийн дагуу явах ёстой гэж ярьдаг Д.Оросоо өөрөө ийм хууль бус зүйл хийгээд явж болох уу.
 
Д.Оросоог Засаг дарга болсноос хойш манай сургуулийн хашаан дотор хогны том, том машинууд орж ирж, тэдний асгасан хогийг авахын тулд сургуулийн хашаан доторх явган хүний замыг эвдэн, сүйтгэж эхэлсэн. Өнөөдөр нийслэлд сургууль цэцэрлэг ус, агаар шиг хэрэгтэй байгааг Д.Оросоо дарга мэдэж байгаа.
 
Тэгээд ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Тэгэхээр төрийн бодлогыг илтэд гуйвуулж, өөрсдийнхөө эрх ашгийг бодон, худлаа ярьж, иргэдийн нэрийг барихаа боль гэж Д.Оросоод хэлмээр байна. 
 
Манай сур¬гууль монголдоо ганцхан байдаг герман хэлний диплом авах эрх бүхий сургууль. Тухайлбал Германаас багш бэлтгэх, оюуны хөрөнгө оруулалтыг 100 хувь хийх гээд маш олон ажлыг ХБНГУ-аас хийдэг. Д.Оросоо даргын энэ болчимгүй асуудлаас болж германы тал хөрөнгөө татах болоод байна. 
 
Түүнчлэн Д.Оросоо тооцоо судалгааг их муу хийдэг бололтой. Тэрбээр нэг ээлжинд 640 хүүхэд хичээллэнэ гэж бодоод бидэнд нэг л сургууль барьж өгөх ухааны юм ярьж яваа юм билээ. Гэтэл дээрх 640 хүүхэд нэг ээлжээр биш бүр дөрвөн ээлжээр орох болоод байгаа юм. Хэрвээ дүүрэг нутгийн удирдлагын ордноо бариад эхэлвэл маш олон асуудал үүснэ.
 
Тухайлбал сургуулийн арын газар доогуур дулааны шугам сүлжээний 13 хоолой явж байгаа. Тиймээс холбогдох албан газрууд «дулааны шугам явж байгаа учpaac та нар ямар ч барилга байгууламж барьж болохгүй» гэж хэлж, анхааруулсан учраас бид энэ талбайгаа хөндөөгүй, хоосноор нь байлгаж, хэсэгхэн зайнд нь сагсан бөмбөгийн талбай төдийхөн л барьсан.
 
Гэтэл одоо дүүрэг энэ газар асар том барилга байгууламж барих гэж байна. Эцэст нь хэлэхэд сургууль, цэцэрлэгийн газрыг хууль бусаар дээрэмдэж авахаа болиоч ээ. Бид энэ тухай асуудлыг холбогдох газруудад нь мэдэгдэж эцсийг нь хүртэл явах болно гэдгийг Д.Оросоо даргад дуулгая» гэсэн юм.
 
Ямартай ч багш, ажилчид, эцэг эхчүүдтэй санаа, бодол нэгтэй байгаагаа ч хэлж байв. Түүгээр ч зогсохгүй Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн гаргаж буй сургууль, цэцэрлэгийг нэмэж барих санал, санаачлагыг Д.Оросоо дарга үл тоон, сургуулийн газрыг төрийн байгууллагын хэрэгцээнд зориулахаар эзэмшил газраас нь 1970 м2-ыг нь хууль бусаар авах гэж байгаа нь үнэнд хэр нийцэх бол.
 
Тус сургуулийн хувьд бусдаас газар гуйгаагүй, Засаг дарга шиг луйвардах гээгүй. Ердөө л өөрийн эзэмшлийн талбайдааа сур-гуулийн барилгаа шинэчлэн барихыг хүссэн чин хүсэл эрмэлзлэлтэй байгаа юм билээ. Хэдийгээр өнгөцхөн харахад байдаг л нэг газрын маргаан мэт боловч үүний цаана гадны маш их хөрөнгө оруулалт зогсох болоод байна гэдгийг Хотын захирагч Э.Бат-Үүл болон БШУ-ы сайд С.Гантөмөр нар анхааралдаа авах нь зүйн хэрэг болов уу. 
 
Түүгээр ч зогсохгүй хотын удирдлагууд өөрсдийн гаргасан шийдвэрээ эргэн харж, тухайн газрын өмчлөлийг нарийвчлан судлаж, шалгах хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд төдийгүй 1120 хүүхэд хүсч байгаагаа илэрхийлж байсан юм. 
 
Эх сурвалж: