sonin.mn
Баянгол дүүргийн Засаг дарга  Д.Оросоо  тус дүүргийн дарга  болсноос хойш нэлээд хэл ам дагуулах болсон. Тэрбээр энэ удаа Мон­гол-Германы хамтарсан  Хум­больдын нэрэмжит 38 дугаар сургуулийн газрыг хууль бусаар авч тус газар Нутгийн удирдлагын ордон барина гэсэнд тухайн сургуульд одоо сурч байгаа төдийгүй ирээдүйд сурах олон хүүхдүүдийн эцэг эх болон багш нар түүний эсрэг тэмцэхээр болж өчигдөр хэвлэлийн бага  хурал  зар­лаж энэ тухай мэдээллийг олон нийтэд ил болгосон юм.
 
Учир нь тус сургуулийн багш  нар  зөвхөн хүүх­дийн­хээ эрх ашгийн төлөө явсан болохоос бид өөрсдөө орон сууц бариулна гэж яриагүй. Тиймээс холбогдох албаны хүмүүс манай сургуулийн газрын асуудлыг яаралтай анхааралдаа авахгүй бол оюуны хөрөнгө оруулалтыг гаднаас 100 хувь авдаг 38 дугаар  сургуулийн өнөөдрийн  1120 хүүхэд төдийгүй дараа, дараагийн мөн тооны сурагчид ч  хүндхэн байдалд орох болоод байна гэдгийг уламжилсан билээ.
 
Уг нь багш нар БГД-ийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж дээрх учир байдлаа нэг бүрчлэн тодорхой ярьсан боловч тэдний үгийг сонсолгүйгээр Дүүрэг гэдэг эрх мэдлээрээ далайлган ийнхүү 1970 м2 газрыг нь хууль бусаар авахаар болсон юм.  Бид энэ тухай мэдээлийг өмнөх дугаартаа тодорхой мэдээлж байсан.  
 
Эл газрын асуудлыг хууль журмынх нь дагуу аваад үзвэл яав ч Д.Оросоо дарга эрх мэдлээ ашиглан авахааргүй газар юм билээ. Тодруулбал тус сургуулийн газар нь төрийн эзэмшилд байдаг төдийгүй 38 дугаар сургуулийн нэр дээр  газар эзэмших эрх нь бүртгэлтэй байдаг юм.
 
Товчхондоо тус сургуулийн нэр дээр байдаг газрыг Д.Оросоо дарга улайм цайм  эрх мэдлээрээ түрий барьж дээрэмдээд авчихлаа гэсэн үг. Ер нь тус сургуулийн газраас БГД-ийн Засаг даргын тамгын газар нь эль эртнээс бага багаар хумсалсаар өнөөдөр ийнхүү газрынх нь бараг  4/1 хувийг аваад байгаа нь энэ. 
 
Мөн сонирхолтой нэг зүйл нь Д.Оросоо Хотын дарга Э.Бат-Үүлд газар хүссэн өргөдөл өгөхдөө 38 дугаар сургуулийн нэрээр биш дөрөвдүгээр хорооны нэрийг барьж газар хүссэнд багш нар “Хүнийг төөрөгдөлд оруулахдаа гарамгай хүн юм даа. Манай сургуулийн газраас хумсалж Нутгийн удирдлагын ордноо барих гэж байгаа гэж Хотын даргаас хүсэхгүй яасан юм бол” гэж хэмээж байсан юм.
 
Түүнчлэн уржигдар Д.Оросоо 38 дугаар сургуулийн багш нар руу утасдаж бүгдээрээ уулзах хэрэгтэй байна.  Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон холбогдох хүмүүс ирнэ. 
 
Тиймээс  асуудлаа ярьж нэг тийш нь болгое гэж тэдэнд хандсан аж. Гэтэл асуудал шийдэх хуралд орсон багш нарыг элдэв үгээр доромжилж мэдээлэл авахаар очсон хэвлэл мэдээллийнхнийг хүртэл хөөгөөд гаргасан талаар эх сурвалжууд ярьсан юм.
 
Л.Мажигмаа: УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бидний асуудлыг шийднэ гэж бодсон
 
 
Тус сургуулийн мате­матикийн багш Л.Мажигмаа “Өчигдөр /уржигдар/ БГД-ийн удирдлагууд уулзъя гэж хүсэлт тавихдаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Холбогдох яам тамгын газраас хүмүүс ирж та нартай уулзаад асуудлыг шийдэх болно гэж хэлсэн юм. Бид ч манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ирж хэдэн хүүхдүүдэд минь сургуулийг нь хэвээр үлдээх нь гэж багш нар бид хэрэндээ л их баярлаж байсан.
 
Гэтэл гэнэт нэг хүн орилж хашгираад “Хэн та нарыг дуудсан юм гарцгаа та нар” гэж хэлэхэд нь гайхаад хартал С.Эрдэнэ гишүүн хэвлэл мэдээллийнхнийг хурлын заалнаас хөөж гаргасан.  
 
Би тэгэхээр нь та яагаад орилоод байгаа юм бэ гэж хэлтэл чам шиг муу авгай дуугуй бай, чам шиг багшийг үзээч үгүй юм байна. Битгий энэ асуудлыг улстөржүүлээд бай гэж хэлсэн. Түүнчлэн гишүүнтэй цуг явж байсан хүмүүс бүгд л над руу дайрсан.  
 
Биднийг  жаахан хүүхэд загнаж байгаа аятай хашгирч зандарч байснаа нэлээд тайвширсан хойноо “Та нар яах гэж энэ хэвлэлийнхнийг дуудаж байгаа юм” гэхэд нь бид, бид нар дуудаагүй шүү дээ гэж хэлтэл “Би та нарыг дуудлаа гэж бодоод дургуй хүрлээ. Би эдийн засгийн байнгын хороон дээр төсөв хэлэлцэж байгаад  стресстэй ирчихлээ. Тиймээс би таниас уучлалт гуйя” гэж хүмүүсийн өмнө хэлсэн. 
 
Би үүнийг уучлалт гуй­лаа гэж  бодохгүй байна. Учир нь би өнөөдөр 52 нас хүртлээ гэр бүлийн хүндээ битгий хэл өөр хүнээр ч ингэж муухайгаар дуудуулж үзээгүй. Тэгэхэд миний сонголтоо өгсөн УИХ-ын гишүүн хүн ийм муухай  авир гаргасанд үнэхээр гайхаж байна. Би тухайн үед С.Эрдэнэ гишүүнд “Би таныг хурал удирдана гэж бодсон.
 
Харин энэ газрын асуудлыг Д.Оросоо даргыг шийднэ гэж бодсон” гэдгээ хэлсэн. Тэгээд ч С.Эрдэнэ гишүүн та нар газрын асуудлаа яагаад Д.Оросоо даргатай уулзалгүйгээр асуудлыг ингэж хурцатгаж байгаа юм бэ гэсэн. Бид  хоёр удаа Д.Оросоо даргатай уулзах хүсэлт тавихад туслах нь байхгүй гэж хэлээд уулзуулаагүй. Ер нь бол тус дүүргийн ИТХ-ын дарга Дэлгэрбаяр гэж хүн өөрийхөө бизнесийг хийж байгаа аятай их л муухай аашилсан даа. Багш нар бид нэг л юманд гайхаж байна.  Хамгийн гол нь дүүргийн газрын асуудал дээр яагаад С.Эрдэнэ гишүүн ирэх болов оо гэдэг нь их сонин. 
 
Тухайлбал өмнө нь ма­най сургуулийн төсөвт ажил яригдаж   байхад  бид С.Эрдэнэ гишүүнийг ирээч гэдэг санал тавихад “Амжихгүй” гэх хариулт  өгч байсан. Гэтэл яагаад энэ асуудлаар ирэв гэдэг өөрөө асуулт байгаабиз дээ. Түүнчлэн Д.Оросоо дарга Нутгийн удирдлагын ордныг барих гэж төсөвт мөнгө суулгасан.
 
Тиймээс төсвөөс танай сургуулийг баривал Нутгийн удирдлагын ордныг барина үгүй бол танай сургуулийг бариулахгүй гэсэн шийд гарсан гэж хэлж байна лээ. Хамгийн гол нь түүний яриад байгаа энэ шийдвэрийг хэн гаргасан бэ гэхээр гаргасан эзэн нь байхгүй байгаа юм. Ийм л зүйл яриад байгаа хүн дээ. 
 
Д.Оросоо дарга дүүргийн удирдлага хүн байж ха­риуцлагагүй мэдэгдэл хий­сэн. Нэг  бол сургуулийн захирал, эсвэл сургуулийн хичээлийн эрхлэгч, багш нартай зөвшилцсөн гээд ярьж байсан. Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, багш нарын алинтай ч зөв­шилцөлд хүрээгүй.
 
Бид   өнөөдөр  өөрсдийн   эрх  аш­гийн төлөө биш энэ олон хүүхдүүдийг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бо­ловсролоос нь хоцруулахгүй байх  юмсан гэсэндээ л тэм­цэж байгаа. Тэгээд ч эцэг эхчүүд хүртэл энэ асуудлаар түр хороо байгуулахаар болсон байсан. Ямартай ч БШУ-ны сайд Б.Гантөмөр энэхүү асуудлыг нэн яарал­тай шийдэх байх гэж бид итгэж байна” гэлээ. 
 
Уржигдар  сургууль дээр нь болсон энэхүү  үйл явдлыг багш болгон ярьж Засаг даргаа  юу хийж байгаагаа ч  мэдэхгүй, хэн нэгний ут­сан хүүхэлдэй болж дээ гэж харамсангуйгаар ярьж байсан юм. 
 
Уг нь Д.Оросоог тус дүүр­гийн Засаг дарга бо­лохоос өмнө дүүргийн алба хаагчид  байрандаа багтаж шингээд  ажлаа хийж байсан аж. Гэтэл одоо сургууль цэцэрлэгийн хүрэлцээ баг­таамж муу байгааг мэдсэн хэрнээ Д.Оросоо дарга ийн­хүү аашлах болов гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг.
 
Тэгээд ч тус сургуулийн хашаанд инженерийн 13 шугам байдаг гэдгийг Д.Оросоо дарга мэдэж л баймаар юм.  Өнөөдөр хэн нэгэн хүн төрийн ажил хийх нэрээр эргээд төрөөс явуулж буй цогц бодлогыг эсэргүүцэн ингэж дураараа авирлах нь ёс зүйд үнэхээр нийцэмгүй санагдах юм.
 
Эцэст нь хэлэхэд тус сургуулийн эцэг эхийн зөвлөлийн  гишүүн Эрдэнэ-Очир “Хүүхдийнхээ сурч боловсрох оюуны хөрөнгө оруулалтын төлөө бид эц­сээ хүртэл тэмцэх болно шүү. Тиймээс Д.Оросоо дарга та хэн нэгэн хүний ут­сан хүүхэлдэй болох биш өөрийн мэдлэг боловсрол итгэл үнэмшлээрээ Засгийн ажлыг сэтгэлээсээ хийвэл бид танд талархах байна” гэж дамжуулж байв. 
 
Түүнчлэн НИТХ-ын дарга Д.Баттулга Засаг дарга Д.Оросоог  “Газар эзэмших эрхээ аваагүй хэрнээ ба­рил­гын зураг төслийн аж­лаа хийлээ. Холбогдох газ­­­руудтайгаа уяалдаа хол­боо­той ажиллаж сур гэх бан­гыг өгч байсан юм. Тиймээс  Д.Оросоо дарга та өөрийн дураараа хийр­хэлгүй энэ асуудлаа нэн түрүүнд эргэж харвал та оюуны том хөрөнгө оруу­лалтыг дэмжсэн сайн дарга болох  байх шүү гэж олон нийт хэлж байсан юм.
 
 
Эх сурвалж: