sonin.mn

Монголын компаниуд юм хийж эхэлж байна. Сурч ч байна. “Хүү том болжээ” хэмээн кино дээр гардаг шиг дотоодын компаниуд захаасаа томорчээ. Манай үндэсний компаниуд өнөөдөр нүүрсээ угаагаад гаргачихаж байна, Цахилгаан станц барьж байна. Удахгүй төмөр зам барина. Троллейбус хийчихэж байна.

Удахгүй Монгол автобус “төрөх” гэж байна. Монголд үйлдвэрлэсэн тамхиа хаа байгаа Ангол улсад экспортлож байна. Гэх мэтээр үндэсний компаниудын чадамж дээшилж, зах зухаасаа юм хийгээд эхэллээ. Тэр хэмжээгээр улс орны хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Жаахан дэмжээд өгвөл сэтгэж хийх ажлын цар хүрээ өргөжихөөр байна.

Дэмжихээс гадна монголчууд бидэнд бэлэн боломж байсаар байтал түүнийгээ ер ашиглахгүй нэг дутагдал бий. Ашиглуулахгүй байна гэж хэлбэл арай оновчтой.

Өнөөдөр шинээр баригдах гэж байгаа ТЭЦ-5-ийн тендэрт яагаад хувийн хэвшлийн компаниудаа оруулахгүй уяад байна вэ. Нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргаж авъя, “Эрдэнэт”-ийн зэсийг эцсийн боловсруулалтад оруулж зэс хайлуулах үйлдвэр баръя гээд ТЭЗҮ болон төслөө бичээд яваад байгаа хувийн хэвшлийн үндэсний аж ахуйн нэгжүүдээ төр яагаад дэмжихгүй байна вэ гэх мэтээр өч төчнөөн жишээг хэлж болно.

Тэгсэн хэр нь Тавантолгойн ордоос дотоодын компаниуддаа 10 хувийн хувьцааг эзэмших талаар гаргасан тогтоол дээрээ манай шийдвэр гаргах түвшний улс, төрчид эргэн буцан эргүү төлөг шиг аашлаад байгаа. Ийм төр, засгийг юу гэлтэй… УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн хэлж байсан шиг эхлээд улс орныхоо эрх ашгийг бус өөрсдийнхөө хувийг бодоод, тэр амбицдаа бизнес эрхлэгчдийг хохироож, хөгжлийг хойш татсаар байна.

Уг нь улс оронд хэрэгжиж буй төсөл тендэрээс эхпээд бүтээн босголт, баялгийг бүтээхэд томоохон компани, аж ахуйн нэгжүүд бүхнийг хийж жижиг, дунд үйлдвэрлэлийнхэнд боломж олдохгүй байна. Тиймээс үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэлүүдтэй хоршин ажиллах нь нийгмийн хариуцлагын нэг илэрхийлэл гэж үзэн Засгийн газар бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Гэвч бодит амьдрал дээр томыг нь ч тэр, жижгийг нь ч тэр дэмжих байдал өөр байна.

Эх сурвалж: “Уул уурхайн мэдээ” сонин