sonin.mn
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж 2013 оны тайлангаа хэлэлцэж, ирэх оныхоо ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж баталлаа. 
 
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн 2013 оны  сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, сонгуулийн хуулийг чанд баримтлан сонгуулийг элдэв зөрчил маргаангүй, төсвийн ихээхэн хэмнэлттэйгээр зохион байгууллаа.
 
Сонгууль эрх зүйн цоо шинэ орчинд явагдсан төдийгүй сонгуулийн бүхий л үйл ажиллагаанд орчин үеийн техник, технологиийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн нь энэ удаагийн сонгуулийн онцлог байв.
 
Энэ бүхнийг олон улсын байгууллагын хөндлөнгийн ажиглагч, бие даасан шинжээч, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй баг бодитой үнэллээ. 
 
Түүгээр ч үл барам Олон улсын сонгуулийн шагналын хороо нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороог 2013 оны шилдэг байгууллагаар сонгон шалгаруулж, сонгуулийг сайн зохион байгуулсныг нь өндөр үнэлж тэргүүн шагналаа  хүртээлээ.
 
Энэхүү шагнал нь  Монгол Улсад сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитой хангаж буйн анхны том үнэлгээ боллоо.
 
Ийм  өөдрөг үр дүн, үнэлгээтэйгээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2013 оныг үдэж, шинэ онтойгоо золгож  байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж энэ хүрээнд олсон ололт амжилтаа улам бататгаж сонгуулийн технологийг цаашид улам боловсронгуй болгох, сонгогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажилд  илүү анхаарах нь зүйтэй гэж хуралдаанаас үзэв. 
 
Мөн сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, зөв гольдирлоор нь төлөвшүүлэхэд өөрсдийн саналаа бэлтгэхийн сацуу олон улсын харилцаагаа өргөжүүлэх зэрэг асуудалд ажлаа голчлон чиглүүлэхээр Сонгуулийн Ерөнхий Хорооныхон тогтлоо.
 
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хороонд ирсэн өргөдөл гомдолтой танилцаж зохих хариу өгөхөөр хуралдаанаас шийдвэрлэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 
 
2013 оны 12 дугаар сарын 27