Нэг хоёроороо урагдан урагдсаар, нэгэн оны хуанли дуусч байна. Түүхэнд 2013 оныг тод хараар тэмдэглэж үлдээх олон үйл явдал Монголд өрнөжээ. Ялангуяа эдийн засгийн салбарт 2013 он илүү тодоор зурагдан үлдэх болов уу. Дэлхийн санхүүгийн салбарыг доргиосон сорилтууд Монголын эдийн засгийг тойрсонгүй. Гадаад зах зээл дэх ашигт малтмалын үнийн уналт, түүхий эдийн экспортын бууралт, хөрөнгө оруулагчдын дүрвэлт, энэ бүхэн Монголын эдийн засагт багагүй цохилт өгсөн юм. Гэхдээ эдийн засаг доргих шалтгааны эх үндэс нь гадаад ертөнц гэхээсээ илүү дотоод бодлогын алдаа гэдгийг олж харснаараа 2013 оныг туршлага суусан жил боллоо гэхэд болно. Өөрөөр хэлбэл, олон жилийн бодлогын алдаа эдийн засагт ямархуу хорлонтойгоор нөлөөлдгийг улиран одож оны үйл явдлууд гэрчлэх биз ээ. Зөвхөн улс орны санхүүгийн байдал муудсан биш, бизнесийн салбарт уналт, доргилт мэдрэгдэж, иргэдийн амьдралд эдийн засгийн хямрал сөрөг нөлөөллөө үзүүлж эхэлсэн.
 
Энэ нь Монголын эдийн засагт барьж байгаа бодлого, макро төвшинд хэрэгжүүлж байгаа ажлууд нүдээ олж чадахгүй байгааг харуулсан томоохон бодит нотолгоо болсон юм. Улсын төсөв нэг их наядаар тасарсан ч Монголд бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилж байгаа нь арван гурван оны эдийн засгаас хүлээсэн ганц эерэг үзүүлэлт болж чадсан. Энэхүү эерэг үзүүлэлтийн үр шимийг ирэх онуудад амсах.болно гэдгийг эрх баригчид амалж байгаа юм. Улсын эдийн засаг муудаж, хөрөнгө орж ирэх сувгуудынх нь амсар нарийсах тусам энэ нь иргэдийн нуруун дээр томоос том ачаалал болон хувирч байна. Төр маш зөв уран нарийн ухаалаг арга олохгүй бол морин жилд байдал улам хүндэрч болзошгүй гэдгийг Дэлхийн банкныхан анхааруулсан. Даанч Монголын хууль батлагч, шийдвэр гаргагчид бусдын зөвлөгөөг дагахдаа маруухан болохоор 2014 гарангуут байдал жигтэйхэн сайхан болчихно гэж бодолтгүй.
 
Гэхдээ бас сайн мэдээ дуулдах болсон нь ирэх жилийн өнгө ямар байх бол гэсэн хүлээлтийг зөрүүлж байна. Нэгдүгээр сайхан мэдээ бол Оюутолгой ирэх жилийнхээ төсвийг баталсан явдал. Анх удаа тус компани жилийнхээ төсвийг баталж байгаа нь эдийн засаг илаашрах нэг боломж байж болох юм гэсэн ойлголтыг өгч байна. Өөрөөр хэлбэл, "Оюутолгой" компани ирэх онд 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700-750 мянган унц алтны агууламжтай баяжмал экспортлохоор төлөвлөсөн байна. Мөн үйл ажиллагааныхаа зардлыг нэг тэрбум орчим ам.доллараар тооцоолж, үйлдвэрлэлээ оны эхний сард хэвийн байдалд оруулахаар болсноос харахад Монголд валютын урсгал нэмэгдэх төлөвтэй байна. Улсын төсөв энэ жил нэг их наядаар тасрахад хүргэсэн хамгийн гол шалтгаан нь "Оюутолгой"-той холбоотой.
 
Тус компани 445.7 тэрбум төгрөгийн орлого оруулахаар улсын төсөвт суулгасан ч сохор зоос ч орж ирээгүй. Ирэх жилийн хувьд "Рио Тинто"-той харилцаа сайтай байвал байдал өнөөдрийх шиг хэцүүдэхгүй байх. Гэхдээ хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэчихгүй бол шүү дээ. Сүүлийн саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх болсон гэсэн сайхан мэдээ бас дуулдах болсон. Аравдугаар сард орж ирсэн шууд хөрөнгө оруулалтыг есдүгээр сартай харьцуулбал 90 хувиар нэмэгдсэн гэдэг үзүүлэлт гарсан байна лээ. Энэ боломжийг улам лавшруулаад хөрөнгө оруулагчдыг дуудах, сэтгэлийг татах, тэдэнтэй шударгаар тоглох тал дээр улстөрчид жаахан ухаалаг сэтгэл гаргачихвал болох юм шүү дээ. Түүнээс буу, шийдэм бариад бослого өдүүлээд байх аваас популизмыг өртөг хэд дахин өсөхийг хэлж мэдэхгүй юм.
 
Лав л энэ жилийн хувьд Монголын иргэн бүр эх орончдын шантаажид 800 гаруй мянган төгрөгөө шатаасан гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү. "Эрдэнэс Тавантолгой" ирэх жилийн эхний саруудад өрөө дуусгана гэж мэдэгдсэн. Хэрэв зээ хэлсэндээ хүрч чадах аваас зүүн Цанхийн нүүрснээс багагүй мөнгө орж ирэх нь лав. Цаашлаад "Самурай бонд"-ын хөрөнгө ороод ирвэл Монголын эдийн засагт томоохон цус сэлбэлт болно. Баяраа хэтрүүлэн тэмдэглээд мөнгөгүй болчихгүй л бол морь жилд Монгол Улс мөнгөний даллагатай байж магадгүй байна. Гагцхүү энэ бүхэн бодлого боловсруулагчид, хууль батлагчдаас хамаарна. Тэд алдаагаа давтахгүй, улстөржихгүй байх аваас хямралаас хагацах боломж байна.
 
Усан могой жилийн санхүүгийн хүндрэлийн шалтгааныг засахгүй аваас цаашдаа Монголын эдийн засаг нэг хөл дээрээ догонцох хүнтэй адилхан байх биз. Тиймээс арван гурван оны төгсгөлийн үргэжлэл болох 2014 онд эдийн засгийг томруулах, солонгоруулах тал дээр төр анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна. 2013-он цагийн хүрднээс буцан одож байгаа ч он цагийн хэлхээсэнд түүний үлдээсэн сорви, шарх бүрэн аниагүйг бодлого боловсруулагчид эрх биш гадарлаж байгаа байх. Учир нь, 2014 онд мяндсан ухаан гаргахгүй бол эдийн засгийг хэт тэлэх бодлого баримтлах тусам зах зээл дэх үнийн хөөсрөл улам л томорсоор байх болио гэсэн эмзэглэл байгааг нуух юун. Тодруулал, 2013 оны хямрал дуусаагүй шүү гэх анхааруулгыг Олон улсын Валютын сан болон Дэлхийн банкнаас анхааруулж байна. Хуучин оны төсвийн цоорхойтоогоор шинэ оноо угтсан ч эдийн засаг зах зээлд байдал тийм ч сайнгүй байна. Ялангуяа урьд өмнөх жилүүдэд улсын төсвийн 40 хувийг хангаж ирсэн нүүрсний салбарын байдал сайжраагүй хэвээр шинэ онтой золголоо. Шинэ оны сэрүүлэг дуугарах мөчид Монгол Улс нүүрсний салбараасаа ердөө л нэг тэрбум ам.долларын орлого олжээ. Нийтдээ 30 сая тонн нүүрс экспортолно гэсэн том зорилго нь талаар болж өнгөрч буй арван гурван онд ердөө 12 сая тонн нүүрс экспортод гаргасан гэдэг мэдээ бий. Нэг тони нүүрсээ 40 ам.доллараар борлуулж байгаа монголчуудын хувьд харамсалтай нь үнийн талаарх өөдрөг мэдээ алга байна. Гэхдээ энэ оны сүүлчийи өдрүүдэд хэвлэлийн хуудаснаа харагдах болсон чихэнд чимэгтэй сайхан мэдээнээс харахад ирэх онд эдийн засгийн төлөв байдал сайжрах хандлага 50 хувьтай байгаа аж.
 
Оюутолгой анх удаа төсвөө, баталсан, Самурай бондыг арилжиж эхлэхийг зөвшөөрсөн гэвэл 2013 онд хаалттай байсан ам.долларын сувгуудаар мөнгө урсан орж ирэх сайхан мэдээ дуулдаж байна. Улиран одож байгаа 2013 он улс төрд түүхэнд бичигдэх үйл явдал, өрнөлөөр дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгууль болсон. Энэ сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн нь Монголын хувьд бас нэгэн содон үйл явдал байлаа. Мэдээж уулзалт, чуулган гээд улс төрд болсон томоохон үйл явдлуудыг тоочин бичвэл уртаас урт жагсаалт гарах болов уу. Он цагийн хэлхээсийн нэгэн үргэлжлэл болон түүхэнд бичигдэх хуучин оныг сайн муугаар шүүн хэлэлцэх нь өнөөдрийн хувьд утгагүй юм. Учир нь, цаг хугацаа арван гурван оны өөр өөрийнхөө дүгнэх боломжийг хүн болгон хүртээдэг болохоор тэр. Ийнхүү амжилт бүтээл, алдаагаа оноогоо шүүн хэлэлцэх хуучин оны төгсгөл дээр шинэ оны сэрүүлэг дуугарч байна.
 
 Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг хэзээ амсах вэ
 
Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил хэрэгжүүлсэн онцлох бодлогын нэг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд байлаа. Улиран өнгөрч буй энэ жилийн туршид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг сайн муугаар дүгнэж буй. Гэхдээ аливаа зүйлийн үр дүн нүдэнд харагддаг учраас Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ололт амжилтад иргэд ам сайтай байгаа юм. Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран баталж, хэрэгжүүлэхээр болсон. Эдгээр хөтөлбөрийг дурьдвал, "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр, "Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах" дэд хөтөлбөр, "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, дэд хөтөлбөр, "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөр байна. Мөн үүн дээр "Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах" дэд хөтөлбөр бас бий.
 
Бараг анх удаа үнийн өсөлтийг хязгаарлах зорилготой дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хэдийнэ нэг жил өнгөрсөн нь үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон шатахууны хямралыг хүн бүр санаж байгаа. Нэг л өглөө босоод ирэхэд шатахуун түгээх станцад машинууд дугаарлан, бензиний хомсдолд орсон учраас үнэ огцом өссөн гэх таагүй мэдээг дуулгасан. Гэхдээ тухайн үед энэ нь цочирдом таагүй мэдээ бус байнга л тохиолддог хэвийн үзэгдэл байв. Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ тогтвортой бус байсан. Энэ байдлыг ашиглан шатахуун импортлогч компаниуд дуртай үедээ үндэслэлгүйгээр үнээ нэмж, ямар ч хараа хяналтгүй байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч шатахууны үнэд дарлуулсан иргэд Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байсан.
 
Харин шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, УУЯ хамтран Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах дэд хөтөлбөрийг гурван жилийн хугацаатайгаа хэрэгжүүлэхээр болж, 167 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг баталсан. Иигэснээр импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулахаар ажилласан. Дээрээс нь Уул уурхайн яамны зүгээс шатахууны хувьд ганцхан Роснефтээс хамааралтай байхаа болих арга хэмжээг авч, Хятад, Солонгос зэрэг олон нийлүүлэгчтэй болсон. Шатахууны худалдаанд монгол бензин орж ирсэн гээд харагдах зүйл их байна. Хамгийн гол нь үнэ нь өдийг хүртэл тогтмол байсан нь хамгийн гол үр дүн байлаа. Энэ жилийн туршид хамгийн тогтвортой үнэтэй байсан бүтээгдэхүүнээр гурил тодорсон байдаг. Үүнийг үйлдвэрлэгчид ам нэгтэй баталж, худалдан авагчид ч сайшаалтай хандаж байв. "Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл өгөн, гурилын үнийг тогтмол барихын тулд тариаланчдад урамшуулал олгон буудайг нь хямд үнээр худалдаж авсан. Ингэснээр гурилын үнийг тогтмол 550 төгрөгт барьж чадсан юм.
 
Энэ мэтчилэн эдгээр хөтөлбөрүүд үнийн өсөлтийг барьж чадсан гэж эдийн засагчид үнэлж байгаа. Тиймээс зөвхөн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төдийгүй, макро түвшинд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн хөтөлбөр байсан гэж буй. Хөтөлбөрийн үр дүнд инфляцийг нэг оронд буулгасан, ДНБ-ийг 11.5 хувиар өсгөсөн. Гэхдээ оны сүүлээс инфляци өссөн, тогтвортой хэмээгдэж байсан гурилын үнэд өөрчлөлт орсон гээд сөрөг үзэгдэл харагдаж байгааг хөтөлбөрийн үр дүн гарсангүй гэж шүүмжилж байгаа. Тиймээс ч ирэх онд үргэлжлүүлж, дахин их хэмжээний мөнгө цацах хэрэг байна уу гэх нь ч бий. Гэхдээ Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь дунд хугацааны хөтөлбөр учраас нэг жил хэрэгжээд л үнийн өсөлт гэгчийг бүр мөсөн дараад авна гэж үгүй. Ямартай ч хөтөлбөрийг гурван жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ.
 
Төмөр замыг мөрөөдсөөр байх уу?
 
Монгол, Орос, Хятад гурван улс төмөр замын асуудлаар хуралдлаа. Энэ бол манай талын санаачилгаар хийсэн анхны хуралдаан. Тэд "Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн умард коридор" сэдвээр ярилцсан. Хойд хөрш Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, урд хөрш Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нараар төлөөлөгчдөө ахлуулан илгээжээ. Нээлтээс бусад үед хаалттай хуралдсан энэ уулзалтаар Ази Европыг төмөр замаар холбох коридорын хүчин чадлын талаар хөндсөн. Энгийнээр ойлгоход манай улсыг тойрч тээвэр хийх нь эдийн засаг, цаг хугацааны асар их алдагдалтай учир энэхүү коридорыг ашиглах нь аль апь талдаа ашигтай.
 
Гэтэл...
 
Хоёр том гүрний дунд орших нутаг орны байдлаа өөрт ашигтайгаар эргүүлэх боломжоо хэзээ ч алдаж боломгүй. Тэгэхийн тулд дотоод зөрчлөө багасгаж, байр сууриа нэгтгэх нь чухал. Ойрын үед царигийн асуудлыг хөндөх боллоо. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигтай байна гэж баталсан. Хэрэв шаардлагатай гэвэл Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд УИХ-д оруулж байж царигийн асуудлыг ярих ёстой. Гэвч Шинэчлэлийн Засгийн газарт одоогоор царигийн асуудлыг хөндөх шаардлага байхгүйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг биш удаа хэлсэн. Тийм байтал УИХ дахь АН-ын бүлэг царигийн талаар ярилцсан гэдэг мэдээлэл тарааж, түүнийг нь дагаж, хэвлэлээр хөндөх болов. Үнэндээ нэгэнт шийдсэн асуудлаа олон дахин өөрчлөөд байх юм бол үр дагавар нь яаж ирэхийг тааж ядах юмгүй. Монгол Улс яагаад төмөр замын тээврийн талаар өөрийн гэсэн бодлоготой байж болохгүй гэж.
 
Нийгмийн анхаарлыг татаж, бурууг зөв болгож тайлбарлан донсолгох сонирхол зарим хүнд ашигтай. Тэгээд л үе үе "нарийн цариг чинь ашигтай шүү" гэсэн мессэж цацаж эхэлдэг. Хилийн төмөр замын царигаа ярилцъя гэж байгаа ч бүхэл бүтэн улсын бодлого гэж баталсан юм бол түүнийг дагаж, яагаад хэрэгжүүлэх ёстойг тайлбарладаггүй. Тэгсэн мөртлөө ажил яваад байгаад дургүйцэн байнга муулж, өөлж, шүүмжилж буй. Төмөр замын бодлогод тусгасан хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил болох Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг бүтэлгүйтээсэй гэсэн шиг харлуулсаар л байгаа.
 
Бодит байдал дээр нэг ч удаа очиж үзээгүй мөртлөө шороо овоолж байгаагаа ажил гээд байна" гэх нь бий. Төмөр замын бүтээн байгуулалтын ихэнх ажлыг нугалдаг газар шорооны далангийн ажил байдлыг судалж үзээгүй мөртлөө өнгөц гаднаас дүгнэлт хийн яриад байна гэсэн үг. Тусгаар тогтносон улс гэдгээ бид баталсан бодлогыхоо дагуу ажиллаж чаддаг, хэний ч нөлөөнд орохгүй гэдгээр харуулах ёстой. Түүнээс гадныхны гар хөл болж, болж байгааг болохгүй мэтээр сэнхрүүлэн ойлгуулах гэж хичээх шаардлага баймгүй, Дотроо учраа олж чадахгүйг маань ашиглаж, биднийг хэрэлдэж суух хойгуур манай улсыг тойруулаад төмөр замын сүлжээ аалзны тор мэт хэлхэгдэх нь. Үүнээс хоцрохгүйн тулд хоёр том гүрний дунд ч гэсэн төв Азийн цээжин дэх газар нутгаа ашигтай байрлал болгох боломж иржээ.
 
Орос
 
Биднийг зөвхөн цариг ярьж, хэмлэлдэж суухад хоёр хөрш төмөр замын хөгжлөөрөө тээр хол хаяад явчихсан. ОХУ-ын төмөр замын тээврийн сүлжээний урт 2010 оны байдлаар 86 мянган км байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд АНУ, БНХАУ-ын дараа орохоор том сүлжээ. 86 мянган км төмөр замаас 43 мянгыг нь цахилгаанжуулсан нь дэлхийд хоёрдугаарт жагсдаг аж. 2008 онд ОХУ-ын Засгийн газар төмөр замыг хөгжүүлэх стратегиэ баталсан.
 
Түүхий эд, ашигт малтмал тээвэрлэх, зорчигч тээвэр, хурдны галт тэрэг явуулах гэхчлэн бүх салбарт "ах нар" төмөр замаа хөгжүүлэхээр зорьсон. Үүнийхээ дагуу 2008-2015 он хүртэл хөгжүүлэхдээ эхний ээлжинд 5.1 мянган км төмөр зам шинээр тавихаар төлөвлөжээ. Хоёрдугаар шат буюу 2015-2030 он хүртэлх ажил нь 15.5 мянган км төмөр зам барьж байгуулах. Одоогоор эхний шатны ажил нь 2015 оны сүүлч гэхэд 10 чиглэлд төмөр зам баригдаж дуусах юм байна. Украйн, Словак, Австритай хамтран Украйны хилээс эхлэн Словакийн нутгаар дамжин Вена хүртэлх 1520 мм-ийн өргөн царигтай төмөр зам тавих төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр яригдаж байгаа аж. Европын холбоо, ТТУХН, Хятад хоорондын тээвэр хүргэлтийн хурд ихээхэн нэмэгдэнэ гэж төлөвлөж буй гэнэ.
 
Хятад
 
Хятадын төмөр замын урт нийтдээ 98 мянган км болж, дэлхийд аман хүзүүнд яваа. Эдгээрээс 27 500 км нь цахилгаанжсан. Ойрын хугацаанд нийт төмөр замын сүлжээнийхээ уртыг 120 мянган км-т хүргэхээр тооцоолж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн баталсан Төмөр замыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ингэж тусгажээ. Зорчигч тээврийн салбартаа тусгай өндөр хурдны замын уртаараа дэлхийд тэргүүлэгч нь хятадууд болоод байгаа.
 
2011-2015 оны 12 дугаар таван жилийн хугацаанд нийт төмөр замаа хөгжүүлэхэд 2,8 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийхээс өндөр хурдны төмөр зам тавихад нэлээд хэсэг нь зарцуулагдах аж. Олон улсын төвшинд зорчигч тээврийн өндөр хурдны төмөр зам тавихад анхаарлаа ихээхэн хандуулж, 2020 он гэхэд Зүүн Өмнөд Азийн орнуудтай холбогдсон өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулж бүрэн дуусахаар төлөвлөсөн байна. Юньань мужийн Куньминыг Мьянмарыг хамгийн том хот болох Янгонтой холбох 1920 км урт төмөр зам байгуулж дуусгах гэнэ.
 
Мөн Камбож, Лаос, Вьетнам, Тайландтай өндөр хурдны замаар холбогдох гэрээ байгуулахаар хэлэлцээ хийгээд эхэлж. Түүгээр ч барахгүй АНУ-д нь 15 мужийг хамарсан өндөр хурдын төмөр замын сүлжээ байгуулах тендерт хятадууд өрсөлдөж буй. Энэтхэг ба Европтой холбогдсон өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулахын тулд нийт 17 улстай хэлэлцээ явуулж буй гэсэн мэдээлэл байна. Сонирхуулахад, Хятадтай хиллэдэг улс орнуудаас Казахстан 1520 мм, ОХУ 1520 мм. Вьетнам 1000 мм, Монгол 1520 мм-ийн төмөр замын царигаар хил дээр залгагддаг.
 
Монгол
 
Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 1815 км урт төмөр замтай. Тэгэхээр өнөөгийн УБТЗ-ын тухай биш шинээр барих төмөр замын талаар ярих нь илүү оновчтой биз. Төмөр замын тээврийн бодлогод тусгасан "Шинэ төмөр зам" төслөөр нийт 1800 км зам барьж байгуулахаар төлөвлөсөн. Зүүн чиглэлийн буюу Ухаа Худаг-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан-Эрээн цав, Хөөт-Бичигт гэсэн төмөр замын ажлын зураг төсөл. геотехникийн судалгааны ажлыг Японы "Ниппон Коэй" компани гүйцэтгаж байгаа. "Шинэ төмөр зам" төсөлд нийтдээ 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалтаа 9.4 жилийн дотор бүрэн нөхөх боломжтой гэж тооцоолжээ.
 
Харин Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын үндсэн ажил болох далан байгуулах газар шорооны ажил 66.94 хувьтай яваа. 2015 он гэхэд ажил бүрэн дуусч, хүлээлгэж өгөхөөр төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллаж байна. Энэ чиглэлийн замд Төмөр замын хэрэг эрхлэх газар "Энержи ресурс" ХХК-тай 2008 оны дөрөвдүгаэр сарын 30-нд санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж. Ингээд төмөр замын ажилд сонгон шалгаруулалтыг 2009 онд олон улсад нээлттэй явуулж байжээ. 2012 оны зургадугаар сард дахин шинэчлэн тендер зарлаж үүнд Австрали, БНХАУ, БНСУ-ын нийт долоон компани оролцсоноос "Самсунг Си энд Ти" компани шалгарсан.
 
Харин 2012 оны арваннэгдүгаэр сард Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цогцоор байгуулахаар болж, төрийн өмчийн "Монголын төмөр зам" компанид "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. Тэр дагуу хоёрдугаар шатанд хийхээр төлөвлөөд байсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих эрхийг "Монголын төмөр зам" ТӨХК-д шилжүүлэн өдгөө ерөнхий гүйцэтгэгчээр "Самсунг Си энд Ти" ажиллаж байгаа. Туслан гүйцэтгэгч 12 компанийн нэгээс бусад нь Монголын компани юм. Зөвхөн энэ хэсгийн бүтээн байгуулалтад 13 сая шоо метр газар шорооны ажил хийх аж. Энэ нь авто зам байгуулахтай харьцуулбал 1300 км зам барих хэмжээний далангийн ажил гэнэ. Гурван улсын төмөр замын талаархи уулзалтаар хамтарч ажиллаж, Ази Европыг төмөр замаар холбосон коридорыг ашиглахаар зарчмын хувьд тохиролцсон. 
 
 
Ж.Сүрэн
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин