sonin.mn



Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  иргэн бүрт олгох Тавантолгойн хувьцааны асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ард иргэдэд олгох тухай асуудлын эцсийн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг Засгийн газар бүртгэх ажлыг орон даяар бүртгэх ажлыг эхлүүлэх, энэ хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмшиж байгаа. Үүнээс ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж бэлнээр олгож байна. Үлдсэн хэсэг хүмүүст хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт олгож, арилжахыг хүссэн иргэдийг бүртгэх ажлыг нэгэн зэрэг Засгийн газар зохион байгуулахаар боллоо. Хувьцаагаа арилжсан мөнгийг иргэд бэлнээр болон орон сууц худалдан авах, зээл барагдуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй болж байна. Энэ ажлын бэлтгэлийг хангах үүргийг холбогдох яам, агентлагт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өглөө.

-Хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг бүртгэх ажлыг хэзээнээс аль байгууллага гүйцэтгэх юм бэ?

-Өнөөдрийн хуралдааны шийдвэр албажиж гарснаар эхлэнэ. Холбогдох бэлтгэл ажил яамд, агентлагууд дээр хийгдэж байгаа. Шийдвэрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан.

-Нэгж хувьцааг хэрхэн үнэлж байгаа юм бэ?

-Иргэд УИХ-ын тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт санал болгож, үүнийг нь нэрлэсэн үнээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдана. Үүнээс орж ирсэн мөнгөөр ард иргэдийн мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулна. Нэгж хувьцааны үнийг хэрхэн яаж тогтоох асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

-Хүүхдүүдэд хувьцаа олгогдох уу, сая төгрөг үү?

-Сонголт хийх эрх нь Монгол Улсын иргэн бүрт байгаа.

-МАН-ын бүлгээс иргэдээс санал асуулга явуулж байж хувьцааг арилжах асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Хэчнээн хувьцаагаа зарах вэ гэдэг нь тухайн иргэний эрх.

-Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа олгогдсон гэдгийг юугаар нотлох юм бэ. Зарим УИХ-ын гишүүн Тавантолгойн хувьцаа албан ёсоор иргэдэд олгогдоогүй гээд байгаа. Энэ харилцааны талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээсэн. 536 ширхэг хувьцааг энэ дэвтэрийг үндэслэн нээхийг Монголын хөрөнгийн бирж болон бусад байгууллагт үүрэг өгсөн. Энэ хувьцаа арилжаанд орох эрх зүйн орчингүйгээр иргэдийн нэрийн дансанд орсон байгаа. Арилжаанд оруулах шийдвэрүүд гарсны дараа энэ талаархи тодорхой мэдээллүүдийг өгнө. Одоо хөдөө орон нутгаар брокер, диллерийн компаниуд явж, таван мянган төгрөг авч иргэдийн хувьцааг нээх данс нээж байгаа. Энэ ажилд ард иргэдийг хууртаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн үед нь шийдвэрүүдээ Засгийн газар гаргаж, чиглэлийг ард иргэддээ өгнө.

С.Энхзаяа