sonin.mn

УБЦТС компани Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн цаг завыг хэмнэж, шуурхай үйлчлэх зорилгоор өнгөрсөн сараас эхлэн танхимынхаа зохион байгуулалтыг өөрчилж, нэг цонхны үйлчилгээнд шилжсэн.

Ингэснээр хэрэглэгч үйлчилгээний танхимын үүдний хэсэгт байрлуулсан автомат машинаас дугаараа авч дуудсан цонхноос цахилгаан эрчим хүчтэй холбоотой дурын үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл цахилгааны төлбөрөө төлөх, цахилгаан эрчим хүчээр хангах болон урамшууллын гэрээ байгуулах, ажлын захиалга өгөх, өргөдөл гомдлоо гаргах гэх зэрэг бүхий л хүсэлтээ нэг цонхоор амжуулдаг болж байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйлчилгээний танхим өмнө нь ажлын захиалга, өргөдөл гомдол хүлээж авахад нэг ажилтан,  өр авлага шүүлгэхэд өөр нэг ажилтан, зурагт, хогны хураамж, гэрээг бас нэг ажилтан, төлбөр хураахыг кассын нярав хариуцах гэх мэтчилэн хэрэглэгчийг нааш цааш явуулахаар зохион байгуулсан байсныг ийнхүү өөрчилж, иргэдэд хялбар байхаар шинэчиллээ.