sonin.mn
МАН энэ 4 дүгээр сарын 2-нд МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэг дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэл-иргэдийн амьжиргаа” илтгэл тавьсан юм.
 
Энэ илтгэлд хэлсэн тоо баримтууд үнэн зөв, сайтар шалгасан, баараггүй магад гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Эндээс Монголын эдийн засаг сүйрч байгааг ямар ч хүн ойлгоно. Харин зарим тоо Монголын эдийн засаг гэгч чухам ямар юм гэдгийг дахин эрэгцүүлэхэд хүргэж байна.
Үүний нотолгоо болгож “ганцхан тоо” авч үзье…
 
М.Энхболдын илтгэлд ийм тоо дурдав: “2012 онд ХАА-н чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3,4 дахин, уул уурхай салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6,7 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4,9 дахин буурчээ.”
 
Энэ тооны үнэн эсэхэд эргэлзэх хэрэггүй. Би бол үнэн зөв бөгөөд баталгаатай тоо гэж бодож байна. Эндээс Монголын эдийн засгийн тухай шал өөр дүгнэлт гарна.
Хэрэв аль нэг улсын эдийн засгийн хийгээд аль нэг салбарын аж ахуйн нэгж 3,4, 6,7 болон 4,9 дахин байтугай өдий хувиар буурахад тухайн улс орны эдийн засгийн систем сүйд болж бараг сөнөх мөхөх дээрээ тулж Засгийн Газар нь түгшүүр зарлаж, ард түмэн нь бослого гаргах нь гарцаагүй.
 
Гэтэл Монголд болохоор Засгийн Газар нь “сайн ажиллаж” байгаагаа ярьж, сөрөг хүчин нь “таван чиглэлээр ажиллах” тухай ярьж, ард түмэн нь цалин тэтгэвэр нэм гэхээс “өөр юм” ярихгүй байна.
 
Ингэхлээр Монголын эдийн засагт “нэг учир” байна, эсвэл “аж ахуйн нэгж” гэсэн статистик бүртгэлд “нэг учир” байна. Миний бодлоор аль алинд нь байна…
 
Хэрэв эдийн засагт “учир” байвал…
 
Нийт болон салбарын аж ахуйн нэгжийн тоо 4-7 дахин буурчихаад байхад “амьд” байгаад байдаг хачин тэнэг эдийн засгийн систем гэж байхгүй л дээ. Гэхдээ хэрэв Монголын эдийн засаг гаднаас бүрэн хараат болж бүртгэл нь манайд хэлбэрийн төдий явагдаж байгаа бол байж болох л юм.
 
Монголын “аж ахуйн нэгж” гэдгийн дийлэнхи нь хэнд ч хэрэггүй, байсан байгаагүй нь ямар ч ач холбогдолгүй хөгийн зүйл байдаг гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа юм. Хэрэв тийм чухал байсан юм бол өдийд эзэд нь ч, ард түмэн ч сүйд болох байсан. Гэтэл хэдэн зуу, мянгаараа “алга” болчихоод байхад хэн ч үгүйлэхгүй байна.
 
Хэрэв “хэвийн нийгэм” байсан бол өдийд нөгөө ажилчид, үйлдвэрчний эвлэл нь ёстой оволзож байх ёстой биз дээ. Гэтэл таг чиг. Үүнийг яаж тайлбарлах юм ?!
 
Хэрэв статистикт “учир” байвал…
 
Бүртгүүлчихээд юу ч хийдэггүй, зүв зүгээр байж байдаг, эдийн засгийн үйл ажиллагаанд хуурамчаар оролцдог аж ахуйн нэгжүүд асар олон байж…
Тийм хуурамч аж ахуйн нэгжүүд уул уурхай, олборлох салбарыг дагалдан борооны дараах мөөг шиг олширч, энэ салбараас ашиг хүртдэг байж.
 
Гэтэл гадаад хөрөнгө оруулалт буурч, уул уурхай саармагц эндээс дагалдан ашиг олдог “хар мянган” аж ахуйн нэгж хаалгаа барьжээ гэсэн дүгнэлт хийж болно. Тэгвэл эдийн засаг сайжрах уу, муужрах уу гэдэг нь жич ярих асуудал юм…
 
Ер нь бол Монголын эдийн засаг бол үнэн хөгийн, утгагүй, хулгай худлын туйл мөнөөсөө мөн. Энэ хулгай дээрмийг либерал онол, зарчим чанга хашгарснаар халхалчихдаг юм биш л дээ…
 
Одоо бол Монголын улс төр, эдийн засаг болон нийгмийг ямар нэг “онол” болон эрүүл ухаанаар тайлбарлах боломж бараг байхгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлж чадна…
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn - ээс уншина уу?