sonin.mn

НИТХ-ын 2014 оны 3 дугаар сарын 27-ны ээлжит хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг  баталсан. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгад  “НИТХ-ын ээлжит   хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн  Пүрэв гарагт өөрийн бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ өдрийг өөрчилж болно” гэж заажээ.  Мөн “Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид ээлжит  хуралдааны чөлөө цагт хуульд заасан өөрийн бүрэн эрхийн асуудлаар хуралдаж тогтоол гаргах бөгөөд энэ талаар Хуралд мэдэгдэж байна.

Хурлын ээлжит, ээлжит бус хуралдааны /цаашид “нэгдсэн хуралдаан” гэх/ хэлэлцэх асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож таваас доошгүй хоногийн өмнө нэгдсэн хуралдааны товыг зарлана” гэж заасан байна.

Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж, түүнтэй холбогдон гарч байгаа эрх зүйн актыг батлагдсанаас хойш ажлын 2 хоногийн дотор Хурлын ажлын албанд хүргүүлж байхыг НИТХ-ын тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.