sonin.mn

Америкийн шударга ёсны онолч хэлэхдээ: “шударга ёс гэдэг бол нэг ёсондоо өгөө аваа хоёр тэнцэхийг хэлнэ” гэжээ. Монголчууд хэдэн жилийн өмнө Оюу толгойгоо гадаадын болон дотоодын компануудад өгөхдөө буцаагаад хэдэн төгрөг авна гэсэн ойлголттой л өгцгөөсөн. Өнөөдөр хүртэл амласан мөнгө ч алга. Шударга ёсыг барихгүй хэрэг үү.

Үндсэн хуулиараа бол Монголын газар нутаг үлээх салхитайгаа хамт ард түмний өмч. Эзэн хүн юмаа мэддэг тухай зүйр цэцэн үг ч бий. Гэхдээ шударга ёс бол зүйр цэцэн үг биш олон улсад хэрэгждэг нийтлэг зарчим. Олон орон дээд шүүхийн байгууллагуудаа шударга ёсны \justice\ газар гэж шууд нэрлэдэг.

Америк хүний шударга ёс Монгол хүний шударга ёс хоёрт зөрөх зүйл байхгүй. Харин ч Монгол хүний шударга ёс бол өгөө аваа тэнцэхээс дээгүүр өгч чадсан бол авч чадах ёстой гэсэн хатуу зарчим дээр тогтдог. Түүнээс гадна өгч болсон юм авч болох л байлгүй гэсэн эрхэмсэг шударга ёсыг барьдаг шүд зуусан эрмэг зоримог чанар ч Монгол хүнд бий. Дайн дажин хийж омог өрц ширүүнтэй явсан ард түмэн эрх чөлөө гэхээсээ илүү шударга ёсыг эрхэмлэж чадсан тул амжилтанд хүрсэн байх учиртай.

Хэдхэн жилийн өмнө ард түмний өмч тамгатай Оюу Толгойг хувааж идэж эхэлсэн гадаад дотоодын иргэд төртэй хамтран ард түмэндээ авсан мөнгөнөөсөө бас нэг хэсгийг өгөх хэрэгтэй болов уу гэж эрдэнийн гэх нэртэй хишиг ч юм уу эсвэл бараг л хувь ч юмуу ямар ч гэсэн хэдэн төгрөг өгцгөөе гэж зарласан.

Зарлахдаа бүр сонгуулийн ид оргил үеэр зарласан даа. Сонгуулийн хуудсыг тэргүүлсэн хоёр намууд нийтдээ 2 сая 500 мянган төгрөг иргэн бүрт өгнө гэж бүр эзэмших төлбөрийн бичиг тараасан. Ард иргэд сонгочихсоныхоо дараа төлбөрийн бичгээ бариад банкуудаар хэсэн явж мөнгөө авах гэсэн боловч бараг л эрдэнийн хишгээр боссон банкуудын доог тохуу болцгоосон. Үндсэн хуулийг дахиад л зөрчсөн.

Олон хүн мөнгөө аваад юу худалдаж авах тухай их л төлөвлөгөө зохиож элбэг дэлбэг амьдарч үргэлж баяр болж энх тунх сайхан болохнээ гэцгээсэндээ. Өр лүүгээ өшиглүүлсэн дээ.

Яагаад 2 сая 500 мянган төгрөгний сураггүй болов оо. Оюу толгой арай хохимой толгой болчихсон юм биш биздээ. Овоохон мөлжүүр үлдсэн биздээ. Оюу толгойг Таван толгойгоо бодвол мөлжүүр ихтэй гэсэн биш билүү.

Тухайн үедээ Фридланд, Айвенхо Майнз, Рио Тинто гээд л том том нэрнүүд ямар ч их хөрөнгө мөнгө хот суурин амлаж төрийн хэмжээнд хөөрцгөөж төрийн өндөрлөгүүд тухайн үедээ ямар ч их барьц алдав даа. Хийж бүтээхгүй зөвхөн газар дээрхийг доорхтой хамт зараад л хүн бүр саятан болохнээ гэж мөрөөдсөн. Өнөөдөр тэгээд мөрөөдлийн Оюу толгой мөлжүүргүй толгой болов уу.

Оюу Толгойгоос тэгээд одоо ард түмэндээ өөрөөр хэлбэл гадаад оронд ч эх орондоо ч амьдарч яваа 3 сая хүрэхгүй иргэддээ тараачих олигтой мөнгө төгрөг үлдэхгүй хэрэг үү. Гадаадын хэдэн ширхэг иргэд Оюу толгойгоос ханаж цадталаа авцгаасан бэ? Дотоодын хэн хэдийг авсаныг тэргэй тэргүй бүгд мэдэж л байгаа. Хэзээ нэгэн цагт илэрнэ дээ. Нууц гэж хаа ч байдаггүй. Нуугаад нуугаад нэмэргүй дээ.

Африкийн талд идэш хайж арсалдан гүйлдэх араатан амьтад барьж идсэн амьтанаа цадталаа идэж ходоодоо дүүргэсний дараа гэдсээ илээд модны сүүдэрт хэвтдэг. Тэднийг хэвтэх зуур жижиг сажиг амьтад очиж сэгэн дээр бөөгнөрч ганц чөмөг юухан хээхэн амандаа зууж хоосон ходоодоо жоохон ч гэсэн баярлуулдаг.

Яг л үүнтэй адил Оюу толгойг хувааж идсэний дараа өөрөөр хэлбэл цадталаа идсэний дараа сэгэн дээр ард түмнийгээ бага ч гэсэн баярлуулах гэж эрдэнийн хишиг амалсан болов уу гэж хоосон үнэмшцгээе. Итгэх бол том хэрэг найдвар бол бүр ч том үйлдэл шүү дээ. Зүгээр л тэгж үнэмшцгээе.

Хэдэн жил өнгөрлөө. Улстөрийн байгууллага нэртэй төрийн бус байгууллагуудын нийлж амласан 2 сая 500 мянган төгрөг шууд бэлнээр таарагдахгүй байхыг харахад сэгнээс мөлжүүлэхгүй гэж байгаа юм уу эсвэл ерөөсөө сэг үлдээгүй юм уу. Хоосон араг яс үлдэж Оюу толгой хохимой толгой болсон юм биш биздээ. Эсвэл дутуу цадсан бараг цадсанаа мэддэггүй гадаад дотоодын иргэд буцаад сэг рүүгээ дайрцгаасан юм болов уу.

Нийлбэр дүнгээр 2 сая 500 мянган төгрөгөө төлбөрийн бичиг авсан Монгол хүн бүр хүлээсээр сууна. Олон хүн мөнгөө авч чадалгүй энэ хооронд нас барцгаасан. Тэдний мөнгийг үлдсэн ар гэрийнхэнд өгөх л ёстой. Шударга ёс бол хатуу шүү. Бүү март. Мартвал яадаг билээ.

Оюу толгойг хэн анх гадаадынханд зааж өгсөн бэ? Энэ газар доор аягүй их баялаг байгаа шүү дээ гэж хэн анх дагуулж аваачсан бэ? Түүний дараа гадаадынхан за тэгвэл тэр баялгаа ухаад ил гаргаад ир гэхээр хэн ухаж гаргаж эхэлсэн бэ? Одоо тэр ухаж гаргасан баялгаа зөөгөөд Хятадын хил дээр ачаад аваад ир гэж гадаадынхан хэлэхээр хэн эхэлж ачиж аваачсан бэ? Хэн? Хэрэг хуучрахгүй. Гэрч олон бий. Шударга ёс учрыг олноо.

Тэр үеийн ханшаар 2 сая 500 мянган төгрөг их мөнгө. Өнөөдөр мэдээж ханш унаж, төгрөгний худалдан авах чадвар буурсан. Тийм болохоор 2 сая 500 мянга ойролцоогоор тооцоолоход 5 сая орчим төгрөг болох болов уу. Дахин сайн санхүүгийн тооцоо хийх ажил гарахнээ. Хугацаа өнгөрөх бүр л энэ тоо өснө гэсэн үг шүү дээ.

Иргэд 5 сая төгрөгөө нэг мөсөн авч чадвал мэдээж гэр орондоо нэг мөсөн олигтойхон хөрөнгө оруулалт хийх боломж гарна даа. Тавилгаас авахуулаад автомашин авах гэх мэт худалдан авах шаардлага болоод хүсэл олон хүмүүст янз бүр л байгаа. Сургуулийн хүүхдүүдтэй айлууд сандал ширээнээс авахуулаад компютер хүртэл хэрэгцээтэй.

Тэтгэвэрт гарсан хөгшүүд жилийнхээ эрүүл мэндийн даатгал, үйлчилгээ гээд л сувилалд явж биеэ тэнхрүүлэх гээд олон шаардлага байгаа. Орон байраа ч нэг засуулж өнгө үзэмжтэй болгох гэсэн олон хүмүүс байгаа шүү дээ. Ядаж л гал тогооны өрөөгөө засахаас авахуулаад хэдэн цонхоо ваакуум болгох гээд мөн ч их хэрэгцээ бий. Заавал шинэ байранд орох албатай биш. Шинэ гэхгүй хуучнаа засаад өөдлүүлж чадвал бас л шударга ёс.

Ерөөсөө хүн л юм хойно хэрэгцээ байлгүй яах вэ дээ. Зөвхөн төрийн дээгүүр алба хашиж явсан хүмүүсийн гэр бүлд л хэрэгцээ хүсэл байдаг жирийн иргэдэд ямар ч хэрэгцээ хүсэл байхгүй гэж ойлгодог юм биш биздээ. Хүн л бол хүн шүү дээ. Оюу толгойн эздүүдийн хүүхэд хүсэл шаардлага өндөртэй жирийн хүний хүүхэд хүсэл хэрэгцээ багатай гэж энэ дээгүүр нөхдүүд бас дээр байсан нөхдүүд хардаг юм биш биздээ.

Үр хүүхдүүд ч гэсэн шударга ёсонд суралцах хэрэгтэй шүү. Тиймээс мөнгөтэй айлын хүүхдүүдийн мөнгөнөөс мөнгөгүй айлын хүүхдэд хүртэл хишиг хүртээх бас л шударга ёс доо. Харамч биш өглөгч болгож залуу үеэ хүмүүжүүлэх хэрэгтэй.

Алтыг аваад авдар нь үлдэх тэр цаг ойртсон юм бишүү. Монгол хүн ийм арчаагүй байж болохгүй ээ. Монгол хүн гадаад дотоодын хулгайч нарт ялагдах учиргүй. Алдсан хүн нэг тамтай авсан хүн арван тамтай гэж үг бий. Түүнээс гадна хэрэг хуучирдаггүй.

Хугацаа өнгөрөх бүр Монгол хүн бүгдийг мартана гэж гадаад дотоодын эзэд горьдож суугаа бол горьдсоны гарздаа. Тархи угааж мартуулах гэсэн олон зурагтын сувгуудаас авахуулаад өнгөт зурагтай сэтгүүлүүд нэмэр болохгүй дээ. Шударга ёс Монгол хүний цусанд байдаг тул хэзээ ч мартахгүй.

Оюу толгой гэснээс Таван толгой хир мөлжигдөж байна даа. Юм үлдэх нүү. Долоон буудлын хүүг боорцог иддэг гэж дуулдаг байсан цаг саяхан. Одоо тэгвэл долоон буудлын хүүд нүүрс хэрэг болоод олон жил боллоо. Боорцог идэх биш утаа зооглодог болсон. Дараагийн өвөл ирнэ шүү дээ. Одоо ч яахав дулаарч эхэллээ. Ирэх өвөл Таван толгойн чанартай илчтэй нүүрснээс Аршаантын 18-д явуулчих чансаатай аавын хүү байна уу? Боорцог идээд л нүүрсээр дутагдаагүй тэр үе ч бас сайхан байж дээ. Налайхын уурхайн нүүрс мөн ч их олон хүнийг тэжээсэн дээ.

Таван толгойгоос ард түмэн мөлжих юм байна уу? Мөлжүүлэх үү? Таван толгойн нүүрсийг гэр хороололд түлцгээвэл ямар ч утаа гаргахгүй сайн нүүрс хойно ядаж Зайсан толгой руу утаа очихгүй шүү дээ. Оюу толгой, Таван толгойг мөлжиж Зайсан толгойд орон байртай болцгоосон гадаад дотоодын эздүүд утааны тухай анзаардаг болов уу. Мэдээж тэдний олонх утааны үеэр гадагшаа явчихдаг хэдий ч үлдсэн хэд Аршаантын 18-ын утааг амьсгалж л байгаа шүү дээ. Мартсанаас утааны үеэр зугатаагчидыг гадаад руу нисгэдэг компанууд их л баяжсан гэсэн.

5 сая төгрөгөө хүлээсэн ард түмэн түүний хажуугаар мөнгөө төлдөггүй Оюу толгой, Таван толгой, Зайсан толгой гэсэн учиртай гурван толгой гэх. Үүний хажуугаар бас хүн төрөлхтөний үнэт зүйл болох шударга ёс гэх. Юу гэлээ Америкууд өгөө аваа тэнцэхийг шударга ёс гэдэг гэл үү. Ардчилалыг нь аваад хэрэгжүүлчихсэн юм чинь Монголчууд одоо шударга ёсыг нь аваад хэрэгжүүлэх л үлдэждээ.

Доктор С.Молор-Эрдэнэ