sonin.mn

Нийслэл, дүүргээс жил бүрийн хаврын улиралд зохион байгуулдаг цэвэрлэгээний ажлыг эхлүүлж Сүхбаатар дүүргээс нутаг дэвсгэрийн хэмжээнд 2014 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.

Энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд 1860 аж аухйн нэгж, 16 их дээд сургуулийн 2100 гаруй оюутан залуус, 600 ажилгүй иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, Сэлбэ голын ай сав, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу оюутан, залуус, ажилгүй иргэдийн цэвэрлэх гудамж талбайг хуваарилан, хамрагдсан хүмүүст цэвэрлэгээний материал шуудай, бээлий, маск зэргийг дүүргээс олгосон. Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй 600 иргэдийг түр ажлын байраар ханган өдрийн 22000 төгрөгний урамшуулал олгон ажиллууллаа.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд гаднах орчныхоо 50 м газрын цэвэрлэгээг хийсэн. Цэвэрлэгээний үеэр хог тээвэрлэгч байгууллагуудын 46 машин, 3 ковш,  хог тээвэрлэлтэнд явж 180 машин буюу 630 тонн хогийг цагаан давааны хогийн цэгт асгалаа.