sonin.mn

Мэргэжлийн чиг баримжаатай, цомхон чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилт дэвшүүлсэнээс хойш анх удаа Зэвсэгт хүчний анги, салбарын тэргүүний алба хаагчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Онол, дадлага хосолсон гурван өдрийн энэхүү сургалт анги, салбараа хөгжүүлэх үйлсэд гар бие оролцон, хамт олноо манлайлан ажиллаж яваа тэргүүний офицеруудад мэдлэг туршлагаа солилцох боломжийг бүрдүүлсэн юм.

Зөвлөгөөнд оролцогчид “Орчин үеийн штабуудын хөгжлийн чиг хандлага”, “Анги, салбарын тайван цагийн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд”, “S штабын бүтэц зохион байгуулалт, албад тасгийн үүрэг”, “Штабаас байлдааны ажиллагааг төлөвлөн зохион байгуулах”, “Штабын ажилтнуудад тавигдах шаардлага, ёс зүй” зэрэг сэдвээр номын дуу сонсож, мэдлэг оюунаа цэнэглэсэн юм.

Эдгээр лекцүүд техник, технологийн асар хурдацтай хөгжил, мэдээ мэдээллийн болоод даяаршлын эрин үед шинэ цагийн Зэвсэгт хүчний ирээдүйн хөгжил, өнгө төрхийг тодорхойлогч залуу боловсон хүчнүүдэд эргэцүүлэн дүгнэж, тунгаан бодох санаа сэдэл үлдээсэн нь лавтай.

Ялангуяа, удирдлагын академийн багш, доктор, профессор н.Ганбаатар “Байгууллагын хөгжлийн удирдлага, зангилаа асуудлууд” сэдвийн дор жинхэнэ удирдагч хүний зан чанар, ёс суртахуун, байгууллагаа хэрхэн удирдах, өөрийгөө болоод өрөөлийг хэрхэн хөгжүүлэх тухай өгүүлж, мөн удирдагч хүн ажилчдынхаа аав, ээж шиг нь байж, ажил хэргийн анхаарал халамж үзүүлж, тэдэндээ итгэл хүлээлгэсний үрээр тухайн байгууллага амжилт хураадгийг онцолж, сонирхолтой яриа өрнүүлсэн нь офицеруудын анхаарлыг татаж байлаа.

Ийнхүү эхний өдрийн турш номын дуу сонссон штабын тэргүүний ажилтнууд ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор оюуны алжаалаа тайлж, дараа нь гурван бүлэгт хуваагдан анги, байгууллагадаа цэргийн сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах, сургалтын ямар шилдэг аргуудыг хэрэглэх, уламжлалт арга хэлбэрүүдтэй хэрхэн хослуулах, давуу талаа тодотгож чанар, үр дүнтэй сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар  хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцсон юм.



Зөвлөгөөний хоёр дахь өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцах аянаар эхэлж, тус бригадын полигонд явагдсан 016, 014, 120, 337 дугаар ангиудын хамтарсан Хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд саатсанаар үргэлжлэв.

Зэвсэгт хүчний ЕЗЦК-аас удирдан зохион байгуулж байгаа энэ сургууль нь “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын рот дайсны дессант хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх ажиллагаа” сэдвээр явагдаж, багахан хэмжээний “Өгөөмөр” сургуулийг харуулсан гэхэд болно.



Орчин үед Зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа байлдааны хүчирхэг зэвсэглэлүүдийг танилцуулан, тэдгээрийг байлдааны ажиллагаанд хэрхэн яаж ашиглах, аливаа хээрийн сургууль, дадлагыг яаж зохион байгуулдаг талаар мэдээлэл өгч, бодитоор харуулсан нь зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчдөд мөн л мэдлэг туршлага, шинэлэг санаа үлдээсэн биз ээ.

Түүнчлэн шинэ бүтээл, оновчтой санааг түгээн дэлгэрүүлж, харилцан туршлага солилцох нь зөвлөгөөний нэг зорилгыг тодорхойлж байсан бөгөөд үүний дагуу Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Мэдээлэл, соёлын төвд анги, байгууллагууд шинээр санаачлан хийсэн бүтээлүүдээ дэлгэж, зөвлөгөөнд оролцогч төлөөллүүд тэдгээртэй танилцан харилцан туршлага солилцсон юм.

Ийнхүү Зэвсэгт хүчний анги, салбарын тэргүүний ажилчдын зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө. Цэргийн алба хаагчид ялангуяа, удирдах албан тушаалын офицерууд мэдлэг боловсрол, хүмүүжил, биеэ авч яваа байдал, аливаа асуудалд хандах хандлага, баримт бичиг боловсруулах, хүнтэй харьцах харьцаа, өөрийнхөө санаа бодлыг бусдад ойлгуулах чадвар зэргээрээ хамт олноо үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчнийхээ хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах учиртай. Зөвлөгөөнд оролцсон тэргүүний офицерууд ч сонссон дуулснаа амьдралд хэрэгжүүлэхээр зүг зүгт одлоо.  

Бид зөвлөгөөний үеэр зарим офицеруудтай уулзаж, санал солилцсон юм.  

УДААН ХУГАЦААНЫ ДАРАА БУС ЖИЛ БҮР...



Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Т.НЯМ-ЭРДЭНЭ  

- Аливаа сургууль, дадлагыг зохион байгуулахад материаллаг бааз  зайлшгүй хэрэгтэй ч эхний ээлжинд бид бүхэн өөрсдөө идэвхтэй байж, мэдээлэл олзворлох, түүнийгээ бусад бие бүрэлдэхүүн, албан тушаалтнууддаа зааж сургах, нөөц боломжоо ашиглах шаардлагатай гэж хувьдаа дүгнэж байна.

Цаашид Зэвсэгт хүчний хэмжээнд штабын ажилтнуудын зөвлөлдөх уулзалт болон бусад мэргэжлийн офицеруудад ч үйл ажиллагаанынхаа дадлага, туршлагыг солилцох ийм төрлийн уулзалтуудыг удаан хугацааны дараа биш, жил болгон зохион байгуулж хэвших нь зөв юм гэж бодож байна.  

ХАРААД ӨНГӨРӨХ БИШ ХӨРСӨНД БУУЛГАХ НЬ ЧУХАЛ



Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Э.ТӨМӨР

-Маш үр өгөөжтэй зөвлөгөөн боллоо. Эхний өдөр зохион байгуулсан лекцүүдээр байлдааны баримт бичгүүдийг яаж хөтлөх, команд штабын сургуулийг хэрхэн явуулах зэрэг олон сэдвээр мэдээлэл өгсөн нь залуу офицеруудад санаа авах, сурч мэдэх боломж олголоо.

Мөн анги, салбарын штабын офицеруудыг ингэж цуглуулсанаар бие биенээсээ туршлага судлах, танин мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг яаж зохион байгуулж байгааг харлаа, мөн ангиуд шинэ санаа, шилдэг бүтээл гээд л үзүүлэх материал дэлгэн танилцуулж, харилцан туршлага солилцсон нь бас нэг давуу тал болж байна. Хамгийн гол нь тэдгээрийг хараад өнгөрөх биш бие бүрэлдэхүүндээ танилцуулж, ангидаа хэрэгжүүлэн хөрсөнд буулгах нь хамгийн чухал.