sonin.mn

Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейн хамт олон хоёр мянга гаруй жилийн түүхтэй монгол цэргийн түүхэн хөгжлийг олон нийтэд сурталчилж, эд өлгөө баяжуулах үндсэн ажил үүргийнхээ зэрэгцээ нийгэмд чиглэсэн олон хэлбэрийн ажлуудыг санаачлан зохион байгуулдгаараа салбарын яам төдийгүй соёл урлаг, спорт, нийгмийн хамгаалалын чиглэлийн яамдаас ч өндөр үнэлгээ авч, зарим талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байгаа билээ.

Тэд сүүлийн үед Хөгжлийн бэрхшээлийн иргэдэд ээлтэй музей болох, тэдэнд түүх, соёл урлагийн бүтээл, эд өлгийг мэдрүүлэх хүртээмжтэй орчинг бий болгох талаар идэвхтэй ажиллаж байна.

Өмнө нь музейн хамт олон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилж, сургалт явуулж байсан бол өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага төлөөллүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Параолимпийн аварга Д.Баатаржав, ХАХНХЯ-ны Сэргээн засалт Үндэсний төвийн сургалт, судалгааны газрын дарга Б.Батдорж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, ХАХНХЯ-ны мэргэжилтэн Д.Ганболд, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн холбоонытэргүүн Л.Соёлмаа, тусгай 116, 29-р сургуулийн түүхийн багш нар болон БЗД-ийн “Зөв сэтгэл” ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

Тэд монголын музейнүүдээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей болох, хүртээмжтэй орчинг бий болгох, иргэдийг соён гэгээрүүлэх, эх орноороо бахархах, үндэсний үзлийг дэмжиж цогц үйлчилгээг хүргэх тал дээр санал санаачлагыг гаргаж буй анхны музей болж байгаа Монгол цэргийн музейд талархлаа илэрхийлж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаараа санал солилцсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Параолимпийн аварга Д.Баатаржав, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар музей, үзвэрийн газарт налуу зам тавих, орц гарц хийх стандарт, зураг төсөл хийж, эдийн засгийн тооцооны саналыг боловсруулан, туршлагатай гүйцэтгэгчийг санал болгож хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийн холбооны тэргүүн Л.Соёлмаа музейн тайлбарыг дохионы хэлээр орчуулж видео бичлэг хийж музейн танхим бүрт байршуулах, цаашид музейн хоёр тайлбарлагчийг дохионы хэлний дамжаанд сургахаар боллоо.

Анхны уулзалт ийнхүү амжилттай болж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, Монгол цэргийн музей нийгмийн бүхий л хүрээнийхэнд хүрч үйлчлэх орчинг бүрдүүлэхийн төлөө  шинэ санал санаачлагууд өрнүүлсээр байх болно.

“Хүний эрхийг бодит болгоё” сургалт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн  “Эрхийг бодит болгоё” 2013-2022 оны  Инчеоны стратегийг Монгол Улсад хүлээн авч, хэрэгжүүлэх үндэсний уулзалт, семинар өнөөдөр төрийн ордонд нээлтээ хийлээ.

Тус уулзалт семинар 3 өдөр үргэлжлэх ба Монгол цэргийн музейн захирал хурандаа Г.Золзаяа, эрдэм шинжилгээний ажилтан А.Ганганчимэг нар оролцож байна.

Музейгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан явуулж буй үйлчилгээ, сургалт, танин мэдэхүй боловсролын ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, сайжруулах,  хамтран ажилладаг холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал сэтгэгдэлээ хуваалцаж,  холбоо тогтоолоо.