sonin.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 1-р улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад иргэдээс 2014 оны 1-р улиралд нийт 28949 өргөдөл, гомдол ирүүлснээс 26503 өргөдөл буюу 91,6 хувийг шийдвэрлэж, хариу өгсөн байна. Эдгээрийг шийдвэрлэсэн байдлаар ангилвал Лавлагаа, мэдээллийн төв-1200 утсаар 1344, ub1200.mn цахим хуудсаар 201, Засгын газрын 11-11 төвөөр 2123, Иргэд хүлээн авах төвөөр 2960, Нутгийн захиргааны байгууллагууд 4024, Smart UB аппликейшнээр 8 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ.

Нийт өргөдөл, гомдлыг дунджаар 13 хоног 8 цаг 32 минутад шийдвэрлэж байгаа бөгөөд дийлэнх нь Ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдах тухай, Дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтийн тухай, Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай зэрэг асуудлаар иргэд хандсан байна.

Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг аль болох цөөн шат дамжлагаар шийдвэрлэхийг зорьж байгаа. Энэ оны нэгдүгээр улиралд нийт өргөдлийн 28,9 хувийг 1 шат, 34 хувийг 2 шат, 25,1 хувийг 3 шат, 7,5 хувийг 4 шат, 3,7 хувийг 5 шат дамжлагаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэд Хангарьд ордны 1 давхарт байрлах Иргэдийг хүлээн авах төв, Лавлагаа мэдээллийн төвийн 1200 утас, www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, Ухаалаг гар утастай хүн бүр ашиглах боломжтой Smart UB аппликейшинээр өргөдөл, гомдол, санал хүсэлт хүргүүлэх боломжтой гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.