sonin.mn

Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёрдахь жилдээ  хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэж, нийт төгсөгчдийн 79 хувь нь ажлын байраар хангагджээ.

Энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагчийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг  нэгдсэн арга хэмжээ болгон “Баялгийг бид бүтээнэ” нэрийн дор  зохион байгууллаа.

Арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохдоо“Хоёр жилийн өмнө Монголын залуучууд гадаадад ажиллахаар цэнгэлдэх хүрээлэнд хонон дугаарлаж бүртгүүлдэг байсан бол өнөөдөр Хөдөлмөрийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах  боломжтой болсон” гэж хэллээ.

Хөтөлбөрийн хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдахад бэлэн болжээ. Засгийн газраас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр 190 000 төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангаж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.