sonin.mn

Чингисийн талбай дээр өчигдөр хөл толгой нь мэдэгдэхгүй жагсаал болов. Хүн нь олондоод хөл толгойгоо алдсан юм биш л дээ. Гурван өөр төлөөлөлтэй, цөөхөн хүнтэй ядмаг цуглаан болсон юм.

Тодруулбал, давхар дээлтэй төрийн түшээдийг эсэргүүцэж байгаа нэг хэсэг, хилс хэргээр хэлмэгдэж цагаатгагдсан ч нөхөн төлбөр авч чадаагүй хүмүүсийн төлөөлөл, Ц.Мөнхбаярыг шударга бусаар шүүсэн хэмээн үзэгчид нийлэн жагсаж ээлж дараалан үг хэлсэн нь замбараагүй санагдсан хэрэг.

Хаа газар жагсаал болоход нүүр амаа далдалж нуусан оюутнууд хүний олныг бүрдүүлж зогсдог болоод удлаа. Тэр л жишгээр оюутнууд дээр хэдэн хөгшид нэмэгдээд лоозон барьсан харагдана. Хэлмэгдээд цагаатгагдсан ч нөхөн төлбөр авч чадаагүй хүн байгаа бол авах нь зөв.

Өгөхгүй бол жагсах нь зөв. Бусад нь аваад байхад яагаад болохгүй гэж. Давхар дээлтэй төрийн түшээдийг эсэргүүцэж болно. Иргэн хүн төрийн үйл ажиллагааны алдаатай юуг ч эсэргүүцэх эрхтэй.

Хэдийгээр МАН-ын төлөөлөл болсон тэр хүнийг зарим нэг нь "МАН эрх барихдаа давхар дээлтэй байсан. Тэгээд ч том нам, хүчтэй сөрөг хүчин байж гудамжинд жагсаж аргаа барж байна" гэлцэж байсан ч энэ бол ардчилсан хүнлэг нийгэмд байж болох л илэрхийлэл. Буруу юм алга.

Харин жагсаалд оролцрон Ц.Мөнхбаярыг өмөөрөгчдийг бол ойлгосонгүй. Тэд хээль хахууль, мөнгө төгрөг шамшигдуулсан хүмүүст оноосон ялыг жагсааж бичээд ард нь "Эх орныхоо төлөө тэмцсэнийх нь төлөө 22 жил" гэжээ. Эх нутгаа хайрлаж хамгаалах зан чанар монголчуудад бүгдэд нь бий. Түүнийхээ төлөө ч тэмцэнэ.

Гэхдээ Ц.Мөнхбаярыг байгаль орчноо хамгаалсаных нь төлөө шийтгээгүй шүү дээ. Түүнийг юу хийснийг бүгд мэднэ. Төрийн ордны ард буу, гранат авчирсан ямар ч хүнийг өөр юу хүлээх юм. Ямар ч төр байсан ингэж л шийтгэнэ.

Харин тэрээр тийм үйлдэл гаргалгүй байгаль орчинд учруулсан хохирлуудыг баримттай зарлаад явж байсан бол хамаагүй нүдэнд дулаахан харагдах байж дээ. Шинэ соргог мэдээ мэдээлэл дутмаг өдийд энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг дэмжих л байсан даа.

Э.Энх

Эх сурвалж: