sonin.mn

Эрх баригч АН эдийн засгийн хямралаас гарахын туллд  дараах 19 арга хэмжээг  авах болсноо УИХ-д өргөн мэдүүлжээ.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

            2014 оны ... дугаар                     Дугаар                            Улаанбаатар

            сарын ….-ны өдөр                                                                    хот

 

Чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг УИХ-ын 2014 оны хаврын чуулганд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/ Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай:

   1/Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого батлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

 2/олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын банк, санхүүгийн байгууллагуудад Монгол Улсад салбараа байгуулан хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

   3/гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламж эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

  4/хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих;

   5/Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр ашиг, бие даасан байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

   6/бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

  7/валютын ханшийн хэт хэлбэлзэл, цочроо үүссэн үед ханш хэлбэлзэх тодорхой хязгаар буюу ханшийн хонгилыг тогтоох, валютын хадгаламж, зээлийн дээд түвшинг тогтоох, төгрөгийн болон валютын хадгаламж, зээлийн зохистой харьцааны зөвлөмжийн шинж чанартай үзүүлэлтийг тогтоох зэрэг арга хэмжээг шаардлагатай үед тодорхой цаг хугацааны хуваарьтайгаар авч хэрэгжүүлэх;

8/үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CВОП (SWAP) хэлцэлээр бий болсон боломж,  нөхцөлүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;   

 9/улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    10/Таван толгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх;

   11/үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

  12/хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх;

  13/аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад орнуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх;

  14/ экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

 15/эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;

  16/төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

 17/бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх;

 18/төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байх;

  19/хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох;

                        2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд даалгасугай.

ГАРЫН ҮСЭГ