sonin.mn

Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 21-ний хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан.  

Шийдвэр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ажил хэрэг болж, Монголын талаас Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Рерурс ХХК, Тавантолгой ХК, БНХАУ-ын Шэньхуа компанийн оролцоотой “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг үүсгэн байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Засгийн газрын шийдвэрт заасанчлан, “Гашуунсухайтын төмөрзам” хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын 3 компани хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг Шэньхуа компани эзэмшиж, компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний хөрөнгө оруулалтыг хийх ажээ.    

Гашуунсухайт-Ганцмодны чиглэлд боомтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспортын шат дамжлага, өртөг зардал буурна. Монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар сайжирч, нүүрсний экспорт нэмэгдэх боломжтой гэж талууд тайлбарлалаа.

Манай улс 1000 гаруй км урт төмөр замтай бөгөөд Гашуунсухайт-Ганцмодны боомтын 20 орчим км төмөр замыг энэ онд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурах энэ ёслолд Монголын талаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхай болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болон бусад албаны хүмүүс оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.