sonin.mn

 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Төсвийн байнгын хорооны 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан 243 төсөл, арга хэмжээний талаар судалж, дүн шинжилгээ хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг сонсоод, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Болор ажлын хэсгийг ахалсан бөгөөд тус ажлын хэсэг нийт 11 удаа хуралдаж санал, дүгнэлтээ гаргасан байна.

Ажлын хэсэг Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан арга хэмжээнээс 2014 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ажил нь бүрэн дууссан төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн жагсаалт, 2015 оны Төсвийн тухай хуульд тусгуулахаар хойшлуулах төсөл, арга хэмжээ, Төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн тооцоолол алдаатай боловсруулсан төсөвчдийн жагсаалтыг тус тус гаргажээ.

Аудитын дүгнэлтийн “Хойшлуулах шаардлагатай төсөл, арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан 81 төсөл, арга хэмжээнээс:

-орон нутагт хэрэгжих нийт 15 цэцэрлэгийн барилгыг,

-орон нутагт хэрэгжих 8 сургууль, сургуулийн дотуур байрны барилгыг,

-нийслэлд хэрэгжих 1 сургуулийн барилгыг,

-гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа 3 төсөл арга хэмжээг буюу нийт 36,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 27 төсөл, арга хэмжээг энэ онд 29,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин үлдсэн 57 төсөл, арга хэмжээний жагсаалтад “захиалагчийн урсгал төсвөөс хасаж санхүүжүүлэх”, “төлөвлөлтийн алдаанаас нэр солигдсон”, “орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх шаардлагатай” гэсэн үзүүлэлтээр хамрагдсан 7 төсөл арга хэмжээг буюу нийт 61 төсөл, арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний судалгааны жагсаалтад багтсан 47 төсөл, арга хэмжээнээс:

-21 төсөл, арга хэмжээг ажил нь бүрэн дууссан гэж үзэж улсын төсвөөс дахин санхүүжилт олгох шаардлагагүй,

-16 төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

-16 төсөл, арга хэмжээг цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар судалж, шийдвэрлэх, улсыг хохиролгүй болгох төсөл, арга хэмжээний жагсаалтад хамруулсан байна.

Түүнчлэн “Цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-1”-ийн жагсаалтад багтсан 409,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 107 төсөл, арга хэмжээ болон “Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-2”-ын жагсаалтад багтсан 80.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 төсөл, арга хэмжээ, нийт 144 төсөл, арга хэмжээнээс 2014 онд зайлшгүй үргэлжлэн хэрэгжих шаардлагатай, гэрээ байгуулагдсан, ажил нь тодорхой хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээг 2014 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.



Мөн Ажлын хэсэг гаргасан дүгнэлтдээ үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитор А.Зангад, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болор, Сангийн сайд Ч.Улаан нар хариулт өгсний дараа гишүүд санал хэлсэн юм. Тухайлахад,

Ч.Улаан: - Үндэсний Аудитын газар, Ажлын хэсэг маш их ажил амжуулж, их зүйл судалж гаргаж ирсэн байна. Үүний үндсэн дээр бидэнд өнөөдөр асуудлыг тал талаас нь нухацтай ярих бололцоо олгож байна. Ерөнхий сайд “авлигажсан” төсөв гэж авч үзээд асуудал үүсэгчихлээ гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэгдэхгүй байна. Асуудал байсан байна. Асуудлыг өнөөдөр нухацтай ярьснаар Улсын Их Хурлын гишүүнээс Төрийн нарийн бичгийн дарга, төсөв хянадаг төсөвчин хүртэл хянадаг хяналтын тогтолцоо бий болж байна. Иймээс бидний ажил эхэлж байна гэж би бодож байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төсвийг ярихдаа зөвхөн хуулийн шаардлага хангасан обьектыг төсөвт суулгана гэж шийдэх нь зүйтэй. Тэгвэл үндсэн эх булаг нь хаагдаж цааш нь процессоо хөөгөөд явна. Ингэвэл бид асуудлыг шийдэх болно.

Ч.Хүрэлбаатар: - 2014 оны улсын төсвийг зохиохдоо Засгийн газар аймгуудад ялгавартайгаар хандаж хөрөнгө оруулалтыг тавьсан. Улсын Их Хурлын 63 дугаар тогтоолоор 2014 оны Төсвийн тухай хуульд “0.0” хувьтай тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоож дүгнэлт гаргах үүргийг Үндэсний Аудитын газарт өгөгдсөн. Гэтэл одоо оруулж ирж байгаа дүгнэлт дээр хойшлуулья, зогсооё, хасья гэсэн жагсаалтууд оржээ. Үндэсний Аудитын газраас нэлээд ажил хийгдсэн байна. Түүнийг нь байдгаар нь байлгаад, хойшлуулья, төлөвлөхөө зогсооё гэсэн жагсаалтыг болиулж өгөхийг хүсч байна.

Ц.Даваасүрэн: - Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч дөрөвдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт явуулахаар Байнгын хорооны хурал зарласан боловч ирц хүрэлгүй хойшилсон. Тиймээс өнөөдрийн хурлаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд танилцуулах нөхцөл үүссэн. Бодлого, төлөвлөлтгүй явснаас ийм байдалд хүрч байна. Гурван жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бид оруулж ирэх ёстой. Аудитын дүгнэлтийг Байнгын хороо шалгаж үзсэн. Төсөвт Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх байгаа. Цаашид үүнийг зөв болгоход Улсын Их Хурал чиглэл гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бодлогогүй явдаг, төлөвлөлтгүй явдаг дунд хугацааны хөтөлбөр хугацаанаасаа хэтрээд нэг жил болдог байж болохгүй. Байнгын хорооны эрх мэдлийн хүрээнээс хальсан асуудал орж ирсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг гарсан. Тогтоол гарснаар асуудал дуусахгүй. Эргээд санал оруулж ирнэ. Үнэхээр буруу байгаа зүйлийг засаж залруулах ёстой юм гэдгийг гишүүд ойлгох байх.



Ингээд гишүүд санал хэлж дууссаны дараа Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.