sonin.mn

Өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар энэ сараас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.

Улсын хилээр зорчигч, тээврийг шалган нэвтрүүлэх, Монголд оршин суух гадаадын иргэнд хяналт тавих, гадаадаас эх орондоо ирж буй иргэдээ бүртгэх ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй явуулах гэх мэт ажлыг хариуцдаг тус агентлаг үйл ажиллагаандаа ямар шинэчлэл хийж, үйлчилгээгээ хэрхэн хялбаршуулж байгаа талаар өнөөдөр болсон “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр танилцууллаа.

“Манай байгууллага шинэ нэрээс гадна шинэ үйлчилгээ, шинэ дэг соёл бий болгохын төлөө ажиллаж байна. Хууль эрх зүйн орчин, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн хяналт шалгалт гээд бүх чиглэлийн ажилдаа “ухаалаг” зохицуулалт хийлээ. Нэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар хийж төсвөө ил тод болгосон, одоо ажлын орчноо авлигагүй бүс бий болгохоор зорьж байна” гэж ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж хэллээ.

Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах 4 гол хуулийг шинэчилж, 86 журмыг 44 болгож цөөлсөн нь олон шат дамжлагыг халсан том зохицуулалт болжээ. Өмнө нь гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал хариуцсан 4 байгууллагын гүйцэтгэж байсан ажил, үйлчилгээг одоо тус газрын цомхон баг хариуцаж байна.



Энэ нь хүний нөөц, боломжоо оновчтой ашигласны жишээ гэж Д.Пүрэвдорж дарга онцоллоо. Виз өгөх эрхийг боомтуудад ажиллаж буй байцаагчдад өгч, эргэж хариуцлага тооцох тогтолцоонд шилжсэнээр виз богино хугацаанд шуурхай олгогдож байна.

Төвд буюу дарга нарт төвлөрсөн эрх мэдлийг ингэж шилжүүлсний үр дүнд зөвхөн Сэлэнгийн Алтанбулаг боомтод гэхэд өнгөрсөн оны 5 дугаар сарын 1-нээс хойш 2000 виз гаргажээ. Энэ тоо 2012 онд дөнгөж 320 байжээ.

Иргэд гар утасны аппликэшн ашиглан гэрээсээ виз мэдүүлэх, төрийн байгууллагууд хяналт шалгалтаа нэг программ ашиглан явуулж, нэг цонхоор харах болсон гээд ухаалаг үйлчилгээнүүдийг ч нэвтрүүлсэн байна.

Энэ байгууллагад шилжиж очсон бас нэг чиг үүрэг бол гадаадад суугаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, эх орондоо ирж буй иргэдийг хурдан шуурхай нэвтрүүлдэг болгох ажил. Эхний ээлжинд хил дээрх бүртгэл, шалгалтыг хурууны хээгээр хийж эхэлснээр нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгджээ.

Мөн Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран гадаадад зорчиж буй монгол иргэдийнхээ эрх зөрчигдөхөөс сэргийлж, манай улсад зорчиж байгаа гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавьж байна.

Ирэх хоёр жилд иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн мэдээллийн “E-immigration” систем бий болгож, хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, гадаадын иргэдээс визийн хүсэлтийг онлайнаар авч, хариуг нь өгөх гэх мэт олон улсын түвшинд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгоно гэж Д.Пүрэвдорж дарга тодотголоо.

Төрийн онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгаа энэ байгууллагын албан хаагчид дүрэмт хувцсаа шинэчилсэн байна. Албадан гаргах, хяналт шалтгалт хийх гэх мэт шуурхай ажиллагааны үед өмсөх, ёслол албаны буюу оффист өмсөх аль ч хувцсаа цэргийн гэхээсээ иргэний шинжтэй болгожээ. Дүрэмт хувцсыг үндэсний компаниудад захиалан оёулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.