sonin.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.08/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 03 дугаар дүгнэлт байлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч Х.Сэлэнгэ, Б.Тунгалаг, Баянзүрх дүүргийн оршин суугч С.Номынбаясгалан нарын мэдээллийг Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... - аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуульч мэргэжилтэн нь хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг тогтоох, нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулдаг этгээдийнх нь хувьд түүнд тавигдах хуулийн шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр. Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг болон түүнд 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нэмэлт оруулан батлахдаа хуульч мэргэжилтний хувьд түүнд хэд хэдэн хязгаарлалт, зохицуулалтыг бий болгож баталсны дотор хуульч мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх маргаан, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог зохицуулалтыг хуульчлан баталсан хэмээн тайлбарласан.

Түүний хэлснээр, хуульч нь мэргэжлийн алдаа гаргасан бол Мэргэжлийн хариуцлагын хороо хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй бөгөөд нөгөө талаас уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргаанд оролцогч этгээдэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийг хангаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн гэж хууль тогтоогчид үзжээ. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх уг маргаан нь хуульд заасан байгууллага, эрх бүхий албан тушаалтны гомдлоор үүсдэг, хуульчийн мэргэжлийн алдаанаас хохирсон иргэний зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго давхар агуулж байдаг тул иргэний шүүхэд гомдол гаргах, түүнийг шүүхээр хянан шийдвэрлэдэг ажиллагаатай шууд адилтган авч үзэж болохгүй юм. Хуульчдын мэргэжлийн алдааны улмаас эрх нь зөрчигдсөн болоод ирээдүйд зөрчигдөж болзошгүй иргэдийн эрхийн хамгаалалтыг бий болгох, шударга ёсыг бэхжүүлэх, түүнчлэн хуульчдын маргааныг хэт өргөжүүлж, хууль зүйн тогтолцооны нэр хүндийг унагахаас сэргийлдэг олон улсын жишиг хандлагыг харгалзан үзэж мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт дээрх нэмэлтийг оруулж баталсан.

Тиймээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд харин ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... шударга шүүхээр шүүлгэх ...”, Арван ёсдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтын үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хэмээн тайлбартаа дурдсан.

Мөн тэрбээр, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлд нэмэлт оруулж, шүүгчдийн ёс зүйн зөрчлийг Ёс зүйн хорооноос эцэслэн шийдвэрлэдэг байсныг өөрчилж, Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй байхаар өөрчлөлт оруулснаар харин шүүгчдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлт болсон хэмээсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүд, тухайлбал Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахаас өөр аргагүй гэсэн саналтай байлаа.

Үндсэн хуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн санал өгсөн юм. Ингээд гишүүдийн олонхын саналаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсгийн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.