sonin.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн дүүргүүдийн нэг хороонд загвар хороо төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Төсөл хэрэгжсэнээр оршин суугчид  нь хог ачих хуваариа мэддэг, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдсэн, хог тээвэрлэгч байгууллага нь хуваарийн дагуу хогоо ачдаг, хогийн машин хүрч чаддаггүй цэгүүдийг багасгахаар зорьж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Азийн сангийн мэргэжилтнүүд, дүүргийн холбогдох хүмүүсийн хамт төсөл хэрэгжих хороодоор явж газар дээрх нөхцөл байдалтай танилцан, зурган баталгаажуулалт хийж эхэллээ. Төсөл 2014 оны 1 сараас, 2015 оны 6 сар хүртэл хэрэгжинэ.

Загвар хороо төслийн хүрээнд иргэдтэй уулзалт хийн тэдний саналд үндэслэн  хог тээвэрлэлтийн техник тоног төхөөрөмжийн оновчтой шийдлүүдийг бий болгох, хог цуглуулалт, тээвэрлэлтийн хяналтын ил тод тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн оролцоотой цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах, ил задгай үүсээд байгаа хогийн цэгийн тоог бууруулах,  иргэдийн ухамсарт нөлөөлөх сургалт  сурталчилгааны ажил зохион байгуулах, ногоон хог ихээр үүсдэг газруудад ногоон байгууламж бий болгох, хорооны орчмын замыг засаж сайжруулах зэрэг олон олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.

Ингэснээр иргэд болон төрийн захиргааны байгууллагууд, хог тээвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа бүхий хог хаягдалгүй цэвэр орчин бүрдэх юм.   Мөн хороодын хог хаягдлын одоогийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд  тодорхой болж хэрхэн шийдэх арга замыг эрэх боломж бүрдэнэ.

Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн бүлгийн хийж хэрэгжүүлж буй ажил, санал санаачлагыг дэмжин, оршин суугчдын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэн, төр иргэний нийгмийн хамтын оролцоог нь хангаж ажиллахыг зорьж байгаагаараа энэхүү төсөл нь онцлогтой гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.