sonin.mn

Улс орныг тэжээгчид эцсийн дүндээ энгийн бизнес эрхлэгчид байдаг. Тэд улсад татвар төлж түүгээр манай төрийн албан хаагчид цалинждаг билээ. Гэвч бид өөрсдийнхөө төлөө зүтгүүлэхээр ажилд авсан хүмүүсээсээ ямагт нэг шат доогуур амьдрах тавилантай мэт заримдаа бодогддоггүй гэж үү.

Төрийн албанд ажиллаад гэнэт л баяжчихаж байхад мөрөөрөө бизнес хийгээд явах ихэнхэд нь утгагүй санагдана даа. Тийм болохоор нэг л өглөө дарга болно гэж мөрөөддөг нам дагасан залуусын арми бий болчихсон. Төрд л ажиллаж байвал амьдрал баталгаатай болно гэж үздэгээс үүдээд өнөөдөр гурван хүн тутмын нэг нь төрийн албан хаагч болчихоод байна.

Арга ч үгүй юм даа. Хямдралтай орон сууц барьсан ч хамгийн түрүүнд төрийн албан хаагчиддаа өгнө. Цалин нэмэгдүүлсэн ч тэд нарынх л нэмэгдэнэ. Урамшуулал, тэтгэлэг, сургалт тэдэнд л хамгийн их хамаатай юм. Гагцхүү халагдана, хасагдана гэж үгүй бүтэц нь улам л данхайгаад байна.

Энэ бүхэн татварын мөнгийг өөрсдөдөө хэр их хүртээж байгаа тухай асуудал болохоос тэд олсон мөнгөө өөрсдөдөө зарцуулж байгаа хэрэг биш юм шүү дээ. Өнөөдөр манай гадаад худалдааны алдагдал ихэслээ. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрав. Дотоодын үйлдвэрлэл муутайн гай одоо л гарч байна.

Төгрөгийн ханш унаснаар импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Авдаг мөнгө нь хэвээрээ ч амьдралд улам хүрэлцэхээ байлаа. Иргэд импортын чихэр, жимс авч идэхийн оронд мах, гурил бариад л харьдаг болов. Нөхцөл байдал ийм байгаагаас олон компани алдагдалд орж, орлого нь буурч, ажилчдаа цомхотгож байна.

Уул уурхай, барилгын салбар зогсонги боллоо. Иймээс энэ том гэдэстэй төрийг тэжээх хэрэг байна уу. Хавар болоод үүрнээсээ цухуйсан тэмцэгчид тэднийг цомхотго хэмээн жагсвал ямар вэ. Амьд хүмүүс хойно яаж ийгээд жирийн хүн шиг учраа олох л байлгүй. Эрүүл мэнд, батлан хамгаалах, боловсролын салбараас бусад нь хүнээр дутагдаж харагддаггүй л юм даа.

Ж.Баярсайхан

Эх сурвалж: