sonin.mn

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооны дарга Ли Биний урилгаар энэ сарын 2-4-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал, БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн хорооны дарга Ли Бинь нар хэлэлцээ хийж, хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хэлэлцээний үеэр сайд Н.Удвал Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогыг танилцуулж, хоёр тал цаашид эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, анхан шатны тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр туршлага солилцож, халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийхэд  хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Мөн халдварт өвчний эсрэг явуулж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, ижил төстэй байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, халдварт өвчний талаар мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний хамтарсан хурал зөвлөгөөн зохион байгуулах, эмч мэргэжилтнүүд харилцан солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов.  

Айлчлалын хүрээнд Н.Удвал сайд тэргүүтэй төлөөлөгчид Бээжингийн Их сургуулийн Анагаах ухааны их сургууль, Хятадын Анагаах ухааны их сургуулийн харьяа Нисэхийн төв эмнэлэг, “Гуан Аньмэнь” уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Хятадын халдварт өвчний хяналтын төв зэрэг байгууллагад зочилж тэдгээрийн үйл ажиллагаатай танилцав.