sonin.mn

Цөллөг дэх Төвдийн Засгийн газрын тэргүүн Лувсан Сангайтай "Дипломат" сайтын сэтгүүлч ярилцсаныг толилуулж байна.

- Далай лам Ерөнхий сайдын албан тушаалаасаа татгалзсаны дараа таныг Төвдийн Ерөнхий сайд болгосон түүхэн сонгуулийн гурван жилийн ой энэ сарын 26-ны өдөр тохионо. Энэ хугацаанд ажил тань ямар байв?

-Эхний нэг жилдээ санаа зовинодог байсан ч "Энэ бол Карма тул цөллөгт байгаа төвдүүдийн чин эрмэлзлийг биелүүлэх хэрэгтэй" гэж өөртөө хэлдэг байв. Нийт 400 жилийн түүхтэй Далай ламын засаг захиргаа бодлогоо өөрчилсөн.

Дээрхийн гэгээнтэн гэнэт л улс төрийн удирдагчийн сэнтийгээс татгалзаж, залуу, улс төр хийгээд удирдах ажлын туршлагагүй нэгэнд энэ алба ногдсон. Улс төрийн эрх мэдэл шилжсэнд Төвдийн ард иргэдийн адил би их санаа зовж байсан. Дараа жилээс нь зовинол минь багассан ч заримдаа гэнэт сэдэрдэг нь одоо ч хэвээрээ.

Энэтхэг дэх Төвдийн суурингуудаас би Сиккимээс бусдад нь очиж үзсэн. Төвд сургуулиуд, сүм хийдийн 90 хувь, хуучны байшингуудын 80 хувьд нь очиж үзсэн. Би Хойд Америк, Европт төвд иргэдийн амьдардаг 3-4 газраас бусдад нь очиж хүмүүстэй уулзсан. Цаашид ч энэ маягаараа маш шаргуу ажиллах бодолтой. Үлдсэнийг нь Төвдийн ард түмний хамтын карма мэднэ биз ээ.

-Бодит хил хязгааргүй ард түмнийг удирдах ямар вэ? Ямар бэрхшээл, боломжууд гардаг вэ?

-Хамгийн том бэрхшээл нь дэлхийн даяар тархсан төвдүүдэд хүрч, тэдэнтэй уулзахын тулд маш их аялах шаардлага гардаг. Байнга л аялж, 13-14 өдөрт багтан Европын долоон оронд, найм хоногт багтаан АНУ-ын долоон муж улсад очиж ажиллах болдог.

Ердийн ажлын өдөр өглөө наймаас оройн 20 цаг хүртэл үргэлжилж, дараа нь оройн зоог, орон нутаг дахь төвдүүдтэй ярилцах зэрэг албан бус уулзалтууд залгадаг. Орондоо орж унтах гэсээр байтал шөнө дунд болно. Өглөө эрт сэрээд дахиад л өөр хот юмуу улс руу явна. Энэ бүхэнд нэг сайн тал байдаг нь олон янзын хүнтэй уулзаж, өөр соёл, улс төрийн тогтолцоотой танилцах боломж юм.

-Энэтхэгийн талыг өөрийнхөө эсрэг болголгүйгээр Хятадтай харилцах нь тун хүнд биз. Саяхан Энэтхэгийн хэвлэлд гарсан нэг нийтлэлд таныг "Бээжингийн талыг хэт баримтлагч" хэмээн нэрлэж, "Энэтхэгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа" хэмээн буруутгасан. Та энэ шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би Энэтхэгт төрж өссөн, бусад оронтой харьцуулахад энэ улсад хамгийн удаан амьдарсан. Энэтхэг бол төвдүүдийн төлөө хамгийн их зүйл хийсэн орон. "Дундын зам" гэдэг арга барил нь 1970-аад оны эхэн үеэс албан ёсоор тууштай баримтлах манай бодлого болж, төвдүүд Хятадаас жинхэнэ өөртөө засах эрх эрэлхийлэх болсон.

"Төвдийн ард түмний жинхэнэ өөртөө засах эрхийн тухай тунхаглал"-ыг өмнөх Хашаг /Засгийн газар/-аас 2008 онд Хятадын Засгийн газарт танилцуулсан. Жинхэнэ өөртөө засах эрх гэдэг нь БНХАУ-ын Үндсэн хууль болон Өөртөө засах эрхийн тухай хуульд үндэсний цөөнхүүдэд эдлүүлэхээр заасан эрхийг үг, үсэг төдийгүй үзэл санааны нь хувьд жинхэнэ ёсоор хэрэгжүүлнэ гэсэн үг.

Би өмнө нь удаан хугацаанд хэрэгжүүлж ирсэн бодлогыг л үргэлжлүүлсэн. Энэтхэгийн Засгийн газар болон төрийн албан хаагчдаас хэн ч үүнийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлээгүй. Төвдийг тусгаар улс болгох үзэл санааг дэмждэг шүүмжлэгчид энэ байр суурийг маань таашаадгүйгээс "Төвдийн эрх чөлөөг үгүй хийж байна" хэмээн буруутгадаг бололтой.

Би Энэтхэгийн улстөрийн удирдагч, төрийн эрх мэдэлтэн хэд, хэдэн эрхэмтэй уулзсан. Намайг хүлээн авсан байдал, тэдэнтэй тогтоосон харилцаа маань тун нааштай байгаа. Тиймээс албан ёсны байр сууринаас үзэхэд ямар нэгэн бэрхшээл тулгарсан гэж үзэхгүй байна.

Харин шүүмжлэгчдэд юу ч гэмээр юм. Хүмүүс янз бүрийн л зүйл бичдэг. Тэдний шүүмжлэл үндэслэлгүй болохоор би ойшоохгүй орхих нь зүйтэй гэж үзсэн. Улс төрийн удирдагчийн хувьд үе, үе шүүмжлэлд өртөх нь гарцаагүй.

-Гэхдээ та Энэтхэг улс илүү ихийг хийх бололцоотой гэж боддог уу?

-Бид Энэтхэгт зочилж очдог болохоор ямар нэг зүйл шаардах эрхгүй. Боломж олгосны хувьд би Энэтхэгийн талд хандан "Хятадтай харилцахдаа Төвдийг гол асуудлаа болгооч" гэж хүсье. Төвдийн асуудлыг шийдвэрлэх нь Энэтхэгийн эрх ашигт нийцнэ.

Бидэнд таатай ханддаг бусад оронд хандан хүсэлт тавьдагтай нэгэн адил бид Энэтхэгт хандан Хятадад шахалт үзүүлж, яриа хэлэлцээр хийлгэж, Төвдийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд тус дэм үзүүлэхийг хүсч байна.

-Гэхдээ Хятадын тал таныг улс төрийн удирдагчаар хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ байнга мэдэгдэж, хэлэлцээрийг гацаасан?

-Тиймээ, Төвдийн талаас хүсээгүйдээ биш, харин Хятад газар дээрээ хатуу бодлого баримталж, төрийн дээд удирдлагууд нь эрс хатуу мэдэгдэл хийж байгаагаас 2010 оны нэгдүгээр сараас хойш ийн гацаанд орсон. Тэд надтай ярилцвал Төвдийн засаг захиргааг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж үздэгээс харилцахыг хүсдэггүй.

Гэвч энэ үйл явц нь хоёрдогч, харин мөн чанар нь анхдагч юм. Бид Дээрхийн гэгээнтэн Далай лам болон Хятадын талын хооронд яриа хэлэлцээрийг сэргээхийг шаарддаг.

-Төвдөд энэ оны гуравдугаар сард гурван хүн зулын гол болсноор 2009 оноос хойш ийн амиа зольсон хүний тоо 129-д хүрлээ. Та энэ байдлыг засахын тулд юу хийсэн бэ?

-Бид төвдүүдэд хандан өөрийгөө шатаах зэрэг эрс үйлдлээсээ татгалзахыг хатуу сануулдаг. Харамсалтай нь бидний энэ уриалгыг үл харгалзан өөрийгөө зулын гол болгож байгаад Төвдөд дарангуйлах бодлого явуулж буй Хятад улс буруутай.

-Хүчирхийлэл бүхий ийм ухуулгыг Бурхны шашны хүчирхийллийг үгүйсгэх үзэлтэй хэрхэн зохицуулах ёстой вэ?

-Өөрийгөө галдан шатаана гэдэг тун их өвчин, шаналал авчрах боловч тэднээс нэг нь ч хятад хүн, тэдний өмч хөрөнгөд хор учруулахыг оролдоогүйг бид санах хэрэгтэй. Тиймээс энэ үхэл хэчнээн өвчин шаналалтай байсан ч тэд бусдыг гэмтээхээс зориуд зайлсхийж байна.

Хувь хүн өөрийгөө хүчирхийлж байгаа нь үнэн. Гэвч арай өргөн хүрээнд авч үзвэл энэ нь хэн нэгэнд хохирол учруулах зорилго агуулаагүй болохоор үүнийг "Хүчирхийлэл" гэж дүгнэх боломжгүй.

-Төвдөөс дүрвэгсэд ирсээр байна уу?

-Тийм. Тэдний нэлээд хэсэг нь Энэтхэгт эрдмийн болон шашны боловсрол эзэмшихээр ирдэг бол нэг хэсэг нь Хятадын дарангуй бодлогын дарамтаас зугтан ирдэг. Гэхдээ сүүлийн үед Хятадын Засгийн газраас Балбын /Балба нь Төвдөөс оргон зайлах дүрвэгсдийн дамжин өнгөрөх цэг болдог/ эрх баригчдад дарамт үзүүлэх нь нэмэгдэж, хилийн хамгаалалтаа чангатгаснаас ирж буй хүний тоо цөөрсөн.

-Та Төвдөд огт очиж үзээгүй. Эцэг эхээсээ өвлөсөн дурсамжаас эх орноо хэрхэн төсөөлдөг вэ?

-Би Даржийлин хотод дүрвэн ирсэн эцэг эхийнхээ гэр бүлд төрсөн. Аав минь Литан сүмд лам, ээж минь Чамдод амьдардаг байсан болохоор алиных нь суурин илүү үзэсгэлэнтэй тухай маргадаг байв. Тэд надад тунгалаг устай булаг, мод, цэцэг, тариалангийн талбай хосолсон үзэсгэлэнт газар орныхоо тухай маш олон түүх ярьж өгсөн.

Тэр үзэсгэлэнт сайхан нь зуны цагтаа лав үнэн байх. Саяхан би Төвдтэй хил залгаа Аруначал Прадеш мужийн Таванг болон Тутинг, Гелинг нутгуудад очсон. Тэндээс МакМахоны зурваст нэлээд ойрхон тул нутгийнхаа барааг харсан. Энэтхэгийн талд байгаа газар нутагтай төстэй юм билээ.

Би 2012 оны долдугаар сард Ладак мужид очихдоо Төвдийг алсаас харахад өвс ургамал багатай, хуурай уул толгод нүдэнд туссан. Би дараагийн удаад Сиккимд очиж, хилийн нөгөө талд байгаа Төвд орон руу хараа бэлчээх бодолтой байна. Одоогоор Төвдөд ойртож үзэх гэсэн оролдлого маань энэ шив дээ.

-Таныг амьд сэрүүн байхад Төвд орноо эргээд өөрийн болгож чадна гэж та найддаг уу?

-Тийм. Тийм ч учраас би Америк орныг орхиж, энэ зорилгын төлөө ажиллаж байна. Аруначал прадешт очих үедээ Дээрхийн гэгээнтэн болон эцэг эхийнхээ зам мөрийг дагаж байгаа мэт сэтгэгдэл надад төрсөн. Талийгаач эцэг минь хилийн дээс алхсаныхаа дараа анх амьдарч байсан Бомдила тосгоныг би ой тоондоо маш сайн санадаг.

Дараа нь эхийнхээ нэг хэсэг амьдарсан Тутин сууринд эхийгээ дурссан. Эх минь дараа нь Даржийлинд очиж, тэндээ аавтай учирснаар хамтдаа амьдарсан юм. Дараа нь тэд Тавангийг 55 жилийн өмнө давж ирсэн Дээрхийн гэгээнтнийг дагасан гэдэг. Тэд хил давж, Энэтхэгт ирэхдээ "Буцаад харина" гэсэн бодолтой байсан болохоор бараг хоосон ирсэн.

Эцэг эх маань ийн хүлээж эхэлснээс хойш 55 жил өнгөрчээ. Аав минь энэ мөрөөдлөө биелүүлж чадалгүйгээр 2004 онд насан өөд болсон. Энэ бол харь оронд болон Төвдөд үлдсэн олон мянган төвд хүний амьдралын түүх. Энэ бүхэн намайг илүү чармайж ажиллахыг шаарддаг.

Тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлнэ гэдэг миний амьдралын чин зорилго. Энэ бол өөрийн нэр төр, бусдаас ялгарах байдлаа хадгалах гэсэн эрмэлзэл минь юм. Бид хэзээ мөдхөн энэ бүхнээ олж авна.

-Та урьд нь Төвдийн Залуучуудын конгресс, Чөлөөт Төвд зэрэг байгууллагын гишүүн байсан. Харин энэ хоёр байгууллага аль аль нь "Ранжэн" буюу Төвдийг бүрэн тусгаар тогтносон улс болгох үзэл санааг дэмждэг. Гэтэл одоо Төвдийн Төв захиргааны удирдагчийн хувьд та "Дундын зам"-ыг хатуу баримталдаг?

- Би Төвдийн төлөө өмнөхтэйгээ адил шаналдаг. Гэхдээ ахмад үеийнхэн байдлыг илүү бодитоор үнэлж, Дундын замыг сонгосон нь ухаалаг алхам болохыг ойлгосон. Ингэснээр аль, аль тал нь хожино. Хятад улс бүрэн эрхт, газар нутгийн халдашгүй дархан байдлаа хадгалах бол Төвд орон жинхэнэ өөртөө засах эрхээ эдэлнэ.

- Далай лам улс төрийг шашнаас салгах зорилго тавьсан. Зорилгодоо хүрсэн үү?

-Ихэнх нь биелсэн. Энэ ажил шилжилтийн шатандаа яваа боловч зохион байгуулалт, өдөр тутмын ажлын төвшинд зааглаж чадсан. Тэрбээр улс төрийн эрх мэдлээ сайн дураараа шилжүүлж, эрх мэдпийг зааглах тал дээр тууштай байгаа.

-Шашин шүтдэггүй хэрнээ Төвдийн Засгийн газарт сайдын алба хаших боломжтой юу?

-Тийм.

-Та ямар нэгэн гүйцэтгэх ажлын тухайд шийдвэр гаргахдаа Дээрхийн гэгээнтэнтэй зөвлөлддөг үү?

-Албан ёсоор бол шаардлагагүй. Тэрбээр тийм заавар зориуд өгдөггүй. Гэхдээ арвин туршлагатай түүний байр суурийг сонсох нь тустай. Далай лам нэг удаа намайг ард түмнийхээ сонгогдсон удирдагч нь тул иргэд нь, тухайлбал, Дээрхийн гэгээнтэн өөрөө шүүмжилж болно гэж хошигносон. Гэхдээ түүний шүүмжлэлийг сонсох нь миний хамгийн хүсмээргүй зүйл

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин