sonin.mn

“Хүн юу хамгийн их хүсэж байгааг мэдвэл тэр хүнийг удирдах хамгийн амархан” гэдэг үгээр ардчиллын технологи тайлбарлагдах болно. Үеийн үед хүмүүсийн хүсдэг ганц зүйл бол эрх чөлөө, шудрага ёс, хүний эрх юм. Хонгилын үзүүрт эдгээр гоёмсог уриа лоозон өлгөөстэй байхад хүмүүс хүсэл мөрөөдөлдөө үнэнчээр явсаар байх болно.

Ийнхүү ХХ дугаар зуунд ардчиллыг дагагчид оргил үедээ хүрч Freedom House-ийн мэдээгээр 2000 онд 120 орон буюу дэлхийн улс орны 63 хувь ардчилсан орноор тунхаглагджээ. Фашизмын хөлд нэрвэгдсэн Герман, арьс өнгөний үзэлд дарлагдсан ӨАБНУ, хамгийн их ядуу иргэдтэй Энэтхэг, капитализмыг алгасч коммунизмын гэрэлт ирээдүй өөд тэмүүлж явсан Монгол гээд нийгэм засаглалын хувьд янз бүрийн улс орон ардчилалд нэгдсэн билээ.        

“Цаг үргэлж аман дээрээ нэг юм ярьж, хийхдээ өөр юм хийгээд байна гэж байхгүй” тул ардчиллын баяр хөөр түүхэн богинохон хугацааны дараа XXI дугаар зууны эхэнд дэлхий нийтээр доголдож, ардчиллын хямрал болж эхэллээ.

Ардчиллын реформын хүчинд ӨАБНУ-ын засгийн эрх мэдлийг авсан Африкийн үндэсний конресс улс төрийн шудрага өрсөлдөөнгүй, авлигийн сүлжээ бүхий орчныг бий болгов. Турцийн ардчилал улам автократи шинжтэй болов. Зүүн өмнөд Азийн орнуудад улс төрийн сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг ердөө хүлээн зөвшөөрдөггүй, байнгын бослого тэмцлийн хэлбэрт оров. ОХУ, Венесуэл, Аргентин зэрэг орнуудад шинэ төрлийн хулхи ардчилсан засаглал тогтов. 2004 оны Украйн, 2011 оны Египет зэрэгт дарангуйллыг халсан ардчилсан засаглал өөрөө ардчилал авчирдаггүйг харуулав. Монголд 24 жил ардчилал байгуулаад байхад шудрага ёс улам холдсоор байгааг олон тумэн улам ихээр мэдрэх болов. Монголд олны хүртээл болгохгүй байгаа бас нэгэн зүйл бол барууны орнуудад ардчиллын хямралын тухай мэдээ мэдээлэл, ном зохиол ар араасаа цувран гарах болсон явдал юм.

Хямрал зөвхөн шинэ ардчиллагчдыг хамарсангүй. Баруун Европ, АНУ-ын иргэдийн улс төрийн амьдралын идэвх урд өмнө хэзээ ч байгаагүйгээр сулран унаж байна. 2010 онд Английн сонгогчдын  ердөө нэг хувь аль нэг намын гишүүн байсан бөгөөд хөдөлмөрийн нам 193000, консерватив 130000 болон либерал демократууд 49000 гишүүнтэй байсан гэнэ, гэтэл 1950 онд сонгогчдын 20 хувь аль нэг намын гишүүн байсан байна. Сонгуульд оролцох идэвх мөн буурсаар байна. Ардчилсан 49 орны судалгаагаар 1980 оны байдалтай харьцуулавал сонгогчдын идэвх 10 хувиар буурчээ. Сонгогчдын идэвх оролцоог урд өмнө байгаагүй их мөнгө зарцуулж байж нэг тогтоож байгаа нь тодорхой юм. АНУ-ын конгресс болон ерөнхийлөгчийн сонгуульд 2000 онд 3,082,340,937 ам.доллар зарцуулсан бол 2012 онд 6,285,557,223 ам.долларыг зарж бүтэн нэг дахин ихэсжээ. Сонгогчдын тоог багасгахгүй, ард түмний засаглал шүү гэдэг жүжгээ үргэлжлүүлэхийн тулд энэ зардал ирээдүйд улам ихсэх хандлагатай юм байна.

Яагаад ийм их мөнгө зарж байна вэ гэдэгт олон тайлбар байх бөгөөд хамгийн энгийн үнэн нь хэчнээн их мөнгө сонгуулийн зар сурталчилгаанд зарна, төдий сонгогдох магадлал ихсэнэ гэдгээр тайлбарлагджээ. Сонгогдсоны дараа зарцуулсан энэ их мөнгийг бас эргүүлж олж авах буюу өрөө төлөх үйл ажилллагаа эхэлдэг байна. Сонгуулийн богино хугацаанд хамгийн их ашиг олох үйл ажиллагаа бол дайн дажин буюу бусад улс орны үндэсний эрх ашгаа хамгаалсан төр засгийг түлхэн унагаж байглийн баялгийг эзэмших явдал юм. Тэгэхээр ардчилсан нийгмийн шудрага сонгууль бол их мөнгөний уралдаан, түүнийг дагасан дайн дажин, үхэл хагацал, эдийн засгийн хямрал болж хувирсан нь дэлхийн олон нийтэд өнөөдөр тодорхой болоод байна. Манай улс төрчдийн хувьд онгон дагшин газар шороогоо ухаж сэндийчиж, бүх нийтийн өмч байглийн баялгийг үтэр түргэн гадагш зарах явдал юм.

Мөн чанартаа бол ард түмний сонгууль биш XVIII дугаар зууны хөрөнгөтний хувьсгалын дараа эхэлсэн шигээ жинхэнэ утгаараа хөрөнгөтний уралдаан сонгууль хэвээрээ байгаа бөгөөд улам боловсронгуй, хөнөөлтэй болсоор байгаа болно.  

Economist сэтгүүлийн нийтлэгчдийн үзсэнээр бол энэ бүхний шалтгаан бол 2008-2009 оны эдийн засгийн хямрал бөгөөд Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил гэж дүгнэжээ. Ардчилсан нийгмийн тогтолцоо, ардчиллын институудууд нь эдийн засгийн хямралыг урьдчилан сэргийлэх чадваргүйг харуулсан бөгөөд барууны улс төрийн системийн ганхашгүй байдал эргэлзээтэй болж, барууныхан өөрсдөө аливаа үйл явдлыг хяналтандаа байлгаж чадна гэж бодож байсан нь бүтэшгүй зүйл гэдэг нь харагджээ. Нөгөө талаас Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт ардчилсан биш нийгмийн хөгжлийн загвар илүү үр дүнтэй байж болохыг харуулсан гэжээ.

 “Та улс төр сонирхдоггүй байж болно, улс төр таныг сонирхоно” гэсээр шудрага сонгууль хэмээх мөнгөний уралдаанд ард иргэдийг шахан оролцуулна. Ард иргэд өөрсдийнхөө ирээдүйг сонгож байна, өөрийн гараар засаг төрийг барьж байна хэмээн хуурагдсаар бүтэн үе өнгөрнө. Бодит байдалд улс төр, эдийн засгийн ихэнх шийдвэр, арга хэмжээнүүд ард түмний ямар ч хамаарал, хяналтгүй явагдсаар байна. Улс орон, ард иргэдийн эрх ашигт илт харшилсан, алдаатай бодлого хэрэгжүүлсэн удирдагчид ямар ч гэм шийтгэл, хариуцлага хүлээдэггүй, харин ч бурангуй бодлогыг шүүмжилсэн нэгэнд ял шийтгэл ирэх нь амархан болов.

Угтдаа ард түмэн жинхэнэ утгаар ЗГ-ыг хянана, хяналтандаа байлгаж чадна, хариуцлага алдсан тохиолдолд зохих хариуцлагыг үүрүүлж чадна гэдэг ойлголт бол хэзээ ч байдаггүй ардчилын мөн чанар ба үнэн төрх юм. Хамгийн дээд хариуцлага нь дахин сонгогдохгүй байх явдал бөгөөд үүнийг ч мэдэрч эрх мэдэлтэн сонгуульт хугацаандаа шудрага бус үйлдэл бүхнээ амжуулах аж.

Дөрвөн жил тутам нэг хөрөнгөтөнг нөгөө хөрөнгөтөнгөөр сольж, ирээдүйгээ даатгаж тавихыгаа төр барьж байна гэж ойлгосон нь бүх нийтийн эмгэнэл юм. Ийнхүү итгэл арилсан, ардчилсан улс төрийн нам, улс төрчдийн нэр хүнд унасан ерөнхий уур амьсгал дэлхийн олон улс оронд ижил төстэй өрнөж байгаа бөгөөд өнөө цагийн өнгө төрх юм.

 

Эмч, уулчин Л.Баярсайхан