sonin.mn

Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-аас санаачлан тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй монгол оюутан, залуусын дунд “Элчин сайдын цом” сагсан бөмбөгийн тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 5-нд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлж, баг тамирчид, хөгжөөн дэмжигчид “Халуун элгэн нутаг” дууг дууллаа.

Өнгөрсөн жил Монголын оюутны спортын "Универсиад" III их наадмын Азийн бүсийн тоглолтод Сингапураас оролцох баг шалгаруулах зорилготой зохион байгуулагдаж байсан бол энэ жил энэхүү тэмцээнийг уламжлал болгон хэвшүүлэх, Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээн болгон өргөжүүлэх зорилгыг давхар агуулснаараа онцлог байлаа.

Тэмцээнд Малайзи Улсад сурдаг оюутан залуусын төлөөлөл ирж оролцсон бөгөөд эрэгтэй 5, эмэгтэй 3 багийн 50 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс түрүүлсэн эрэгтэй баг Элчин сайдын нэрэмжит цом, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрт орсон баг мөнгөн медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ. Мөн түрүүлсэн эмэгтэй багт алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрын эмэгтэй баг мөнгөн шагналын эзэд боллоо.