sonin.mn

    Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг иргэд, даатгуулагчдад сайн сурталчилснаар аймгийн хэмжээнд 16741 иргэн хуулийн хэрэгжилтэнд хамрагдаж,16061 иргэн батлагдаж, 8988 хүний батламж ирээд байна.

Нийгмийн даатгалын хэлтсийн 1 дүгээр давхарын үйлчилгээний зааланд "Цахим лавлагааны үйлчилгээ" үзүүлэх компьютер байрлуулснаар иргэд олон төрлийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Тухайлбал, ажилласан жил нөхөн тооцох тухай хуулинд бүртгэгдсэн, баталгаажсан, баталгаажилтын хуудас нь ирсэн эсэхийг өөрөө шууд шүүж харах, 2006-2014 оны цалин болон шимтгэлийн мэдээллийг и-мэйл хаягаараа хүлээж авах, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцах зэрэг боломжтой байна.

Увсын Нийгмийн даатгалын хэлтэс оны эхний 2 сард 1719,6 сая төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж ажилласан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 153,3 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Дээрх хугацаанд давхардсан тоогоор 8643 даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 4289,4 сая төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс 629,6 сая төгрөгөөр буюу 17,2 хувиар өсчээ.

Тэтгэврийн даатгалын санд 1072,9 сая төгрөг төвлөрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 138,5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн оршуулгын зардалын хэмжээ 620 мянган төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 55,9 хувиар өсөхөд нөлөөлсөн байна.

Б.Батхүү