sonin.mn

Хаврын чуулган эхлэх­тэй зэрэгцэн улстөрчдийн хав­рын синдром хөдөлж, төв талбайг амраахаа байлаа. Би ч жагсана, бид цуглана, нам эсэргүүцлээ илэрхийлнэ гэцгээх болж.

Харин тэдний зорилго нь хоёр жил хиртэй муулж байгаа Засгийн газ­раа татан буулгаж, сайд на­рыг суудлаас нь татаж унагах явдал. Өнөөгийн пар­ламентад сөрөг хүчин гэж нэрлэгдэх болсон хү­мүүсийн ам ангайх бүрт “Засгийн газар чадахгүй бай­на” гэдэг үг гарч, сав л хийвэл “сайд нар дээлээ тайл” гэж бархирах болов.

Ямар сайндаа л “сөрсөн ба­заа” гэсэн хошин нэртэй болчихсон сө­рөг хүчин өнөөдөр тайван жаг­саал хийнэ гэж байх вэ дээ. Тэд ийн жагсахдаа “дав­хар дээлээ тайл” хэмээн энэ хаврын тренд болсон улстөрийн шоу хийх юм байх. Мөн УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй бай­на гэж байгаа.

Гэхдээ чад­­варгүй болсон гэж тодор­хойлоод байгаа УИХ-ынхаа нэгээхэн хэс­гийг өөрсдөө бүрдүүлж бай­гааг ч санах хэрэгтэй. Хуруу дарам цөөн бие даагч биш дээ. Пар­­ламентын танхимын нэ­­гээхэн хэсгийг эзлэн суу­даг хүмүүс өөрс­дийн тан­химаа муулаад байгаа нь хачирхалтай.

Түүнчлэн бидний са­наа­чилсан хуулийн төс­лийг дэмждэггүй гэж хус­маа голсон хүүхэд шиг гом­доллож байгаа сурагтай. Үнэн хэрэгтээ энэ хаврын чуулганаар хэлэлцэх асууд­­лын жагсаалтад МАН-ын бүлгээс өргөн барь­сан хуулийн төсөл эрх баригчдынхаас хавь илүү харагдсан.

Их, дээд сургуулиудын талаар хэлэлцэхдээ хувьдаа сургуультай гишүүдийг хөт­лөлцүүлээд гаргаж байсан шигээ давхар дээлтэй ги­шүүдийг хэлэлцүүлэгт оруу­лахгүйгээр дээлийг нь тай­лах хэрэгтэй гэдгийг цөөнх хэлж байгаа.

Тодруулбал сө­рөг хүч­ний бүлгийн дарга өчигдөр хууль боловс­руулагч бөгөөд хууль бие­­лүүлэгчийн ажлыг зэрэг хийж байгаа 17 сайдад са­нал хураалтад оролцохгүй байх тухай шаардлага хүр­гүүлсэн. Хэрвээ энэ шаард­лагыг биелүүлэхгүй бол УИХ-тай хариуцлага тооц­но гэж байв.

Уг нь энэ хоёр асууд­лыг харьцуулж бол­моор­гүйсэн. Дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрыг хоёр жилийнх нь ой дээр та­раачихвал үлдсэн хоёр жилд нь хэн ажиллах вэ. Сон­голтыг хэн хийх вэ зэрэг олон асуудал ургана.

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг шиг засаг солигдохдоо тулвал ард түмэн үүрээ эв­дүүлсэн шоргоолж шиг бу­жигналдаж, бухын хү­зүү­нээс ч хатуу болчихсон гэг­дэж бай­гаа валютын ханш, эл­гээрээ хэвтчихсэн гэх эдийн засаг юу болох вэ. Түү­­ний хариуцлагыг хэн хүлээх вэ. Манайхан шиг ажилтайгаа танилцах гэж бүтэн жил болдог хүмүүст ирэх хоёр жил дэндүү хомс биз.

Харин шинээр сонгогдож, ажилласан хоёр жил нь дуу­сахын даваан дээр “Би яг засаж, залруулах гэж байтал хугацаа дуусчихлаа. Ирэх дөрвөн жилд яг амжуулна” гээд зүтгэчихэж мэдэх л хүмүүс.

Гэтэл тө­рийн жолоог нэг бус удаа атгаж, одоо цулбуурыг нь атгалцаж яваа хүмүүс ийм гэнэн зүйл ярьж, түү­нийгээ хэрэгжүүлэхийн төлөө улайрч байгаа нь ха­чирхалтай. Эсвэл уулын оргилд байсан хүмүүс бэлд нь буухаараа байж сууж чадахаа больдгийг илтгээд байна уу.

Өнөөгийн Засгийн газрыг урьд хожид байгаагүй их мөнгө үрсэн, бараг “их өр”-өөс ч давсан зээл авчихлаа гэж цамнаад байгаа. Тэгвэл тэднийг авч хаяад оронд нь ирэх хүмүүс хаанаас мөнгө олж, юу хийх вэ.

Сүүлийн үед давхар дээл гэх үгтэй хамт моодонд орж, бидний монголчуудын бахархан хэ­лэх дуртай орос хараал шиг амны уншлага болох шахсан царцаасан барилгын асуудал ч мөн гарч ирнэ. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй байхад нь засгийг тараачихвал царцаасан барилгууд нь хөлдөж ч мэдэх юм.

Хэдийгээр төсөвт өртөг нь шийдэгдээгүй байгаа ч нийгэмд нэн шаардлагатай олон объект энэ жагсаалтад бий. Энэ мэт олон асууд­лыг шахаж, шаардан, шийд­вэрлүүлж байх ёстой хүмүүс ингэж муйхарлаж байгаа нь хөндлөнгийн би­дэнд “чи чадахгүй бол, би хийе” гэдэг хөл бөмбөгийн алтан дүрэм шиг харагдаад болж өгдөггүй.

Тэгсэн мөрт­лөө бүлгийн дарга нь “Хэрвээ Засгийн газар огцорч, хамтарсан Засгийн газар байгуулах урилга ир­вэл орох уу” гэхэд “Бид Засгийн газарт орохгүй” гэж хариулсан байна лээ.

Хэрвээ тэд санасандаа хүрвэл одоо байгаа 19 сай­дын 17 нь солигдоно. Гэхдээ нөмгөн дээлтэй нөгөө хоёр ч үлдэх баталгаа тун бага. Тэгэхээр Монгол Улсын ний­гэм, эдийн засгийн бай­дал орвонгоороо эргэнэ.

Нэ­гэнт л парламентын тан­химаас сайд тавихгүй гэж байгаа юм бол дараа нь хэнийгээ авч ирж залах вэ. Аягүй бол “Лам олдохгүй бол бу­цахдаа залъя” гэгч нь болж парламентад суудалгүй гэж ад шоо үздэг, жижиг гэх тодотголтой намуудаасаа ба­дар барьж, даргыг нь сай­даар өргөмжлөх хэрэг гарах вий.

Цаад утгаараа мань нө­хөд эдийн засаг хүндэрсэн, “улаан гэрэл асчихлаа” гэ­дэг шуугианаар Засгийн газрыг ганц удаа “мөргөж” унагахгүй бол энэ хэвээрээ ирэх хоёр жилийг үдэн эргээд сэхэх тэнхэлгүй болж, нам нь элгээрээ хэвтэнэ гэдгийг тооцоолсных биз. Өөрөөр хэлбэл Засгийн газ­раараа дэнчин тавьж бай­гаад ч хамаагүй ганц удаа Пи-Ар хийж, олны анхаарлыг татах хэрэгтэйг мэдэрсэн бололтой.

Да­раал­­с­ан сонгуулиудад, бөөн бөөнөөрөө ялагдал хү­лээ­­сэндээ дүгнэлт хийн, да­раагийн удаа улсын болоод орон нутгийн парламентад олонх болж эзэгнэн төрөхийг санаархсан эхний оролдлого нь энэ бололтой. Айлын эрх хүүхэд яаж ч задарсан эцгийнхээ толгойгоор тог­лодоггүйсэн.

Түүнтэй адил ядрахын цагт Засгийн газ­раараа шоу­дахын хэрэг бай­гаа л юм байх даа.

М.Санчир

Эх сурвалж: