sonin.mn

Гаднаа гяланцаг дотроо паланцаг болсон дөчин мянгатын барилгууд хуучирч ашиглах жагсаалтаас гараад удаж байна

Нийслэл дэх түмэн асуудлын нэг нь ашиглах хугацаа нь хэтэрсэн ба­рилгууд. Тодруулбал Улаан­баатар хотод хүн амь­дарч, байгууллага үйл ажил­лагаа явуулж болохгүй гэх дүгнэлтэд тамга даруул­сан барилга маш олон бай­даг.

Хэзээ мөдгүй нурж хү­ний болоод орчны эрүүл ахуйн наад захын шаард­лага хан­гахгүй болсон барил­гуу­дыг цэгцлэх ажил эхэлсэн хэ­мээн зарлаж байгаа ч бодит байдал дээр аюул нүүр­лэсэн орон сууцанд ир­гэд нь хэдэн мянган ир­гэн амьдарч, аар саархан зас­вараар аргалсаар л байна.

Хатан Туулын хөвөө, Хүн чулууны хонхорт хот бий болсон цагт анх баригдсан 50-60 жилийн түүхтэй ба­рилгууд цагийн жамаар элэгдэж хуучрах нь аргагүй юм. Түүхэн дурсгалт барилга байшин цөөн боловч бий. Тэдгээрийг үнэтэй цайтай юм гээд хараад суугаад бай­вал нэг л өдөр нурж, аюул тарьж болохыг өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн жишээ харуулсан.

Төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийг нурах үеэс л шинэчилж барих ажил эхэлдэг зарч­маар яваад бай­гаа. Харин ху­вийн өмчийн орон сууц, бусад барилга бай­гууламж дээр энэ асуудал хэрхэн тавигдаж байна вэ. Хувийн өмчийн ашиглалтаас гар­сан барилгын жагсаалтыг дөч, тавин мянгатын модон шат, банзан нуруутай, хана нь өтсөн хуучин сууцнууд тэргүүлнэ.

Энэхүү барилгуудыг ну­раах талаар олон жил ярьж байгаа. Гэвч сүүлийн үед энэ тухай яриа сонсогдохоо больж, “Хотын дарга өссөн газраа түүхийн үз­мэр болгох гэж байна” гэх бор шувуу ч нисээд амж­сан. Хэрвээ бага зэргийн газар хөдлөлтөд нурж унаад тэнд амьдарч буй иргэд хохирвол яах вэ.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүлээс тодруулахад “Ашиглах боломжгүй гэсэн акттай төрийн өмчийн ба­рилгуудыг дахин барилга­жуулахад ямар ч асуудал­гүй. Харин хувийн өмчийн барилгуудыг да­хин ба­рил­гажуулахад тө­сөл хэ­­рэг­­жүүлэх гэж байгаа аж ахуйн нэгж­тэйгээ то­хи­ролц гэсэн шаард­лагыг бид тавина. Хэрвээ тохиролцохгүй бол гарах бүх эрсдэлийг ир­гэн өөрөө хариуцна гэсэн зарчим барим­тална.

Үүнтэй холбогд­сон на­рийн журмыг НИТХ-аар батлуулна. Тэгээд дөч, тавин мянгатын байрны асуудлыг ярилцана” гэсэн юм. Ийнхүү хотын даргын хэлж байгаагаар дөч, та­вин мянгатыг нураах эсэхийг оршин суугчид л ший­дэх болж байна.

Оршин сууг­чид­тай нь гэрээ хэлцэл хийж, суурин дээр нь сүндэрлэх арав хорин давхар шинэ сууцнуудад оруулах, илүү гарсныг нь улам бүр өсөн нэмэгдсээр байгаа орон сууцны хэрэгцээг хан­гахад ашиглах, суу­рийн давх­руудад шинэ ца­гийн шил толь болсон үйл­чилгээний төвүүд байр­шуулах нь хаана хаанаа ашигтай.

Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг энэ зорилттой хамтатган хэрэгжүүлэх нь ач тусаа өгч таарна. Мэдээж үүнд эхийг нь эцээж, ту­галыг нь тураахгүй байх төрийн зөв менежмент л хэрэгтэй. Хотын төв цэгт байр­лалтай өөрийнхөө өмчийг иргэд орчин үеийн байр­ны ханшаар үнэлэхгүй нь тодор­­хой. Тэр нь ч зөв.

Харин аж ахуйн нэгжүү­­дийн хувьд аль бо­лох бага үнээр байрыг нь үнэ­лэхийг хичээнэ. Энэ хоёрын дундах цэгийг нь төр тогтоож өгөхгүйгээр “Өөрсдөө мэд” гээд орхивол хэзээ ч шийдэгдэхгүй байж мэднэ. Тэгвэл хотын даргын өссөн газар иргэдийн ярьж байгаачлан түүхийн үзмэр болж үлдэх болно.

Энэ бүхнийг цэгцлэх бодлого, шийдвэр боловс­руулж байгаа ч амар ший­дэгдчих асуудал биш байх. Тэглээ гээд хараад сууж болохгүй, одоо л эмхэлж өөрчилж авахгүй бол нэг мөсөн оройтох зүйл бол хот байгуулалтын засвар ши­нэч­лэлтийн асуудал.

Дөч, тавин мянгатын хуучин шар барилгууд бүгд 1960-аад оны бүтээн бай­гуулалт. Хотын төв цэг учир өнгө будгаар хуурч, хагарсан цуурсныг нь нөхөх байдлаар гадаад үзэмжийг нь гоодон аргацааж байгаа барилгууд. Тэнд амьдарч буй иргэдэд амьд явах баталгаа байна уу гэж асуумаар аюултай.

Тиймээс гаднаа гяланцаг дотроо паланцаг болсон эд­­гээр барилгуудаа ну­рааж ши­нэ бүтээн байгуу­лалт өр­нүүлэх ажлыг эрчим­жүүлье.

Д.Баяржаргал

Эх сурвалж: