sonin.mn

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Сүүлийн үед бүтээмжийг нэмэгдүүлэх талаар их ярих болж. Таны бодлоор ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Бүтээмжийг зөвхөн хүнтэй холбож үздэг. Хүн ажил мэргэжилдээ гаршсан байвал тухайн хүний бүтээмж өндөр байна. Хүмүүсийн бүтээмж өндөр байвал тухайн компанийн бүтээмж өндөр байх нь хэнд ч ойлгомжтой. Энэ бүхнийг дагаад улс орны бүтээмж өснө. Харин суурь асуудлыг авч үзвэл зээлийн хүү өндөр, төрийн хүнд суртал их байна.

Энэ нь хөгжилд саад болж буй гол зүйл. Мөн эдийн засгийн хувьд хараат байгаа нь хөгжилд бас л саад болж байгаа. Гэвч энэ бүхнээс илүү чухал нь хүн юм. Ийм байтал бид өнгөрсөн хугацаанд хүний бүтээмжийг дээшлүүлэх гэдэг ойлголтыг орхигдуулсаар ирсэн. Одоо монгол хүний бүтээмжийг бусад улстай харьцуулахад маш муу үзүүлэлттэй.

Үүнийг компанийн захирлуудаас авсан маш олон санал асуулга, ярилцлагаас харж болно. Тэгэхээр энэ байдал юунаас болж үүссэн гэдэг шалтгааныг тогтоох шаардлага гарна. Үнэндээ бид боловролын системээ сүүлийн 23 жилд орхигдуулсан. Боловсролын салбарыг удирдаж буй хүмүүс нь ч үргэлж солигддог.

Энэ салбарын сайдын албыг өнгөрсөн хугацаанд хоёрхон хүн дөрвөн жилээр хашсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд боловсрол гэдэг чухал зүйл дагавар маягтай явж ирсэн. Тийм байхаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжгүй болж байна. Үүнээс гадна ардчилсан нийгэмд боловсролыг чөлөөт тогтолцоо буюу зах зээлийн өрсөлдөөний зарчмаар шийддэг гэсэн буруу ойлголт бий.

Үнэн хэрэгтээ Монгол дэлхийд өрсөлдөж байгаа. Тэгэхээр бид Монгол Улсын, монгол хүний боловсролыг ширэнгийн хууль буюу хэн чадалтай нь сур, чадахгүй нь боль гэдэг байдлаар хаяж болохгүй. Монголын их, дээд сургуулийг төгссөн хүмүүс төрд болон компанид ажилд орж байна. Гэвч эргээд төрийн байгууллага болон компаниуд сургууль болон хувирч байна. Уг нь сургуульд нь суралцаад төгссөн бол шууд ажлаа эхлэх ёстой биз дээ.

-Эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалан компани, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж, ажилчдын тоогоо бууруулж байна гэж байгаа. Энэ бодит мэдээлэл үү?

-Сүүлийн үед авч байгаа мэдээллээс харахад маш олон компани хүмүүсээ халж байна. Үлдсэн нь хүн нэмж авахгүй, сайн ажиллахгүй, бүтээмж муутай байгаа ажилтнаа "халъя" гэсэн бодлого бариад эхэлчихсэн. Хэрвээ нүүрс, зэсийн асуудлаа энэ оны дунд үеэс шийдэж чадахгүй бол нийт бүтцийг хамарсан эдийн засгийн хямрал болж хувирна.

-Тэгвэл таны бодлоор эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Бид юуны өмнө Хятад, Орос хоёртой тохирох ёстой. Эдийн засгийн дипломат харилцааны хүрээнд Монголд ашигтай наймаа хийх шаардлагатай. Наймаа гэхээр ямар нэг "юм"-аа заавал өгөхийн нэр биш шүү дээ. Наад зах нь Хятад манай нүүрсийг саадгүй авдаг болмоор байна. Орос байгалийн хийн хоолойгоо манайхаар дамжуулмаар байна.

Төмөр замын асуудлыг эцэслэн шийдмээр байна. Энэ бүхний дараа бодлогоо гаргаад, нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой. Хөгжил, төрийн оролцоо, үндэсний үйлдвэрлэл, боловсрол гэж юу вэ гэх мэтээр нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай.

-Та санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа. Өнгөрсөн жил санхүүгийн салбарт олон шинэ хууль баталсан. Ингэснээр байдал хэрхэн өөрчлөгдөх төсөөлөл байна вэ?

-Нийгмийн даатгалын санд байгаа мөнгийг хөрөнгийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Ингэхгүй бол санхүүгийн сектор хэзээ ч босч ирэхгүй. Нийгмийн даатгалд жил бүр их наяд орчим төгрөг цугларч байна шүү дээ. Энэ мөнгөний зарим хэсгийг хөрөнгийн зах зээл рүү оруулах, ингэснээрээ ард иргэд шууд бусаар компаниудын эзэд болно. Нөгөө талд нь компаниуд хүүгүй, урт хугацаатай эх үүсвэртэй болно. Энэ цагт компаниуд л хожино.

-Компаниудад ашигтай гэхээр үндэсний үйлдвэрлэл сэргэнэ гэсэн үг үү?

-Тийм, үндэсний үйлдвэрлэл сэргэх нь иргэдэд ашигтай.Тэгэхгүй бол манайх "феодалжсан" улс болох гээд байна. Учир нь банкны системээр явдаг, хөрөнгийн зах зээл гэж байхгүй. Хөрөнгийн зах зээл гэж байхгүй болохоор эзэмшил задрахгүй байна шүү дээ. Үүнд компанийн эздийн буруу байхгүй. Харин хөрөнгийн захыг хөгжүүлээгүй нь төрийн буруу.

М.Наранболд

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин