sonin.mn

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд,ноён Мурат Карагөзыг Батлан хамгаалах яаманд  хүлээн авч уулзав.

  Дэслэгч генерал Ц.Бямбажав ноён Элчин сайдыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж, олон зуун жилийн турш нэг газар шороон дээр Монгол, Түрэг хэлтэй аймгууд хаяа дэрлэн амьдарч байсан нь хоёр орны ард түмний түүх, соёл, ёс заншил, уламжлалд түүхэн ул мөрөө үлдээсэн байдаг талаар дурдаад, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа 1999 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын цэргийн салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээрийн хүрээнд харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт хийх, цэргийн санхүүгийн хамтын ажиллагаа, цэргийн боловсон хүчин сургах зэрэг өргөн хүрээг хамарч амжилттай хөгжиж байгааг дуулгалаа.



  Ноён элчин сайд Мурат Карагөз БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдаар томилогдоод төдийлөн удаагүй ч хоёр орны нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, ялангуяа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэн гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.

Мөн 2001 оноос эхэлсэн Туркийн цэргийн сургуулиудад Монголын цэргийн алба хаагчдыг суралцуулах, Турк Улсад зохион байгуулагддаг НАТО-гийн төрөл бүрийн сургалт, дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн алба хаагчдыг оролцуулах зэрэг боловсон хүчнийг чадавхижуулах, мэдлэг боловсрол олгох талаар идэвхтэй ажиллах болно гэлээ.

  ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагад Туркийн цэргийн алба хаагчдыг оролцуулах талаар анхааралтай судлан үзэхийг хүсч, Туркийн Зэвсэгт хүчний төлөөллийг энэхүү сургуульд оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.



Ноён элчин сайд энэ талаар нааштай хандаж байгаагаа дуулгаад, цаашид хоёр орны Зэвсэгт хүчин нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн оны 3 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д ажлын айлчлал хийсэн.