sonin.mn

Монгол Улсын Засгийн Газар, ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх Глобаль сантай хамтран манай улсад анх удаа хэрэгжиж байгаа “Сүрьеэгийн тархалтын судалгаа”-ны ажлын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18-р хорооны “Гэрэлт манал” өрхийн эрүүл мэндийн төвд боллоо.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Глобаль сан, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл, иргэд оролцлоо.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах иргэдийн эрүүл мэндийг дэмжин энэхүү судалгааг манай дүүргээс, тэр дундаас алслагдсан гэр хорооллын бүсийн иргэдийг хамруулж байгаад талархаад цаашдаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Манай улс сүрьеэ өвчнөөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд нас баралтын шалтгааны зургаадугаарт, халварт өвчний шалтгаанаар нэгдүгээрт орж байна.

Иймд “Сүрьеэгийн тархалтын судалгаа”-ны ажил нь Монгол улсын хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоох, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хийгдэж байгаа юм.

Тус судалгаанд дүүргийн 7,10,15,16,18-р хорооны сонгогдсон хүн ам хамрагдах бөгөөд иргэд өрхийн эрүүл мэндийн төвд цээжний рентген зураг, цэрний нян судлалын шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аппаратаар уушигны сүрьеэ өвчний тархалтын түвшинг тогтоолгох боломжтой.

Цаашлаад судалгаагаар сүрьеэ өвчний тохиолдол бүртгэгдсэн иргэнийг дүүргийн сүрьеэгийн диспансерт цаг алдалгүй эмчилгээ, хяналтанд үнэ төлбөргүй хамруулах аж.