sonin.mn

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 2013-2014 оны хичээлийн жилийн хүүхдийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 сургуулийн 40 багийн 500 орчим тамирчид оролцож байгаа билээ.

2014 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн уг тэмцээнээс өнөөдрийн байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн баг үлдээд байгаа юм байна. Багууд ирэх бямба гарагтАлдар нийгэмлэгийн спорт зааланд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргын төлөө тоглох багийг шалгаруулна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулагдаж байгаа хүүхдийн сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнээс шилдэг эрэгтэй, эмэгтэй баг Польшийн Плоцк хотод долоо хоног зочилж,тус хотын шилдэг баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолт зохион байгуулна.

Мөн энэ жилээс уламжлал болон зохион байгуулагдах уг тэмцээний гол сюрприз нь шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин шалгаруулж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр Японы дунд сургуульд суралцах эрхээр шагнаж байгаа хэмээн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өгүүллээ.

Японд суралцах хоёр тамирчинг Монголын биеийн тамир спорт сонирхогчдын холбоо, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэгээр хүүхдүүдийн суралцах Японы сургуулийн төлөөлөгчид хамтран сонгон шалгаруулах юм байна.

Дашрамд сонирхуулахад, анх удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирын боловсрол олгох, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.