sonin.mn

Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалахын сайд ноён Чак Хэйгэл Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар энэ сарын 10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын эхэнд Д.Бат-Эрдэнэ, Ч.Хэйгэл нар албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын аюулгүй байдлын хамтын ажиллагааны чиг зорилгын талаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурав.

Ч.Хэйгэл айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцаа тэр дундаа батлан хамгаалах, энхийг сахиулах ажиллагааны хүрээн дэх хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлэв.

Уулзалтад монголын талаас Гадаад харилцаааны сайд Л.Болд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл нарын албаны хүмүүс байлцлаа.

Уг айлчлал нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал бөгөөд өмнө нь Доналд Рамсфелд 2005 онд манай улсад айлчилж байсан. Харин манай талаас Батлан хамгаалахын сайд Л.Болд 2011 онд айлчилсан юм.