sonin.mn


Өнөөдөр МАН-аас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.
Жагсаалд оролцогчдын  УИХ-д хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.


 

Монгол Улсад эдийн засагт бодит хямрал нүүрлэж, гадаад хөрөнгө оруулалт зогсож, гадаад валютын ханш тэнгэрт хадахтай зэрэгцэн монгол төгрөгийн ханш газарт унаж, ажилгүйдэл ядуурал эрс нэмэгдэж, ард түмэн үнийн өсөлтөд дарлуулан туйлдаж, улс орон бонд нэртэй өрийн дарамтад орж, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, төр засаг дампуурчээ гэж “Дампуурсан төр засаг Давхар дээлээ тайл” бүх ард түмний нэгдсэн цуглаанд оролцогчид бид дүгнэж байна.

 

Энэ бүхний гол буруутан бол УИХ-ынхаа толгой дээр гарч, ямар ч хараа хяналтгүй дэндүү дур зоргоороо авирлаж буй "Шинэчлэлийн" хэмээх гоёдсон нэртэй Засгийн газар юм. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгч, хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй болсноос үүдсэн засаглалын энэхүү хямралыг нэн даруй засч, монгол төрийн чадамж, нэр хүнд, түүнд итгэх иргэдийн итгэлийг сэргээн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлатай байна. Энэ бол том төрөөс ухаалаг төррүү явж буй эхний нэгэн алхам хэмээн үзэж болно.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан дараах ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.

 

Нэг. Монгол Улсын Засгийн газрын 19 сайдын 17 нь буюу 89.5 хувь нь Улсын Их Хурлын гишүүний давхар дээлтэй байгаагаас шалтгаалан парламент, засгийн газар хоорондын уялдаа холбоо алдагдаж, Монгол Улс засаглалын хямралд нэрвэгдээд байна. Иймд “Давхар дээлтэй гишүүд”-ийн дээлийг нэн яаралтай тайлахыг УИХ-аас шаардаж байна.

 

Хоёр.“Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын дэгийн тухай болон Нийтийн ашиг сонирхлын хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх нэр бүхий 17 гишүүнийг санал хураалтад оролцуулахгүй байх арга хэмжээг авахыг УИХ-ын дарга З.Энхболдоос, санал хураалтад оролцохгүй байхыг нэр бүхий 17 гишүүнээс тус тус ШААРДАЖ байна.

 

Гурав.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл дэх УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайдаар давхар ажиллахыг хориглох тухай заалтыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдүүлэхийг хатуу ШААРДАЖ байна

 

Дөрөв.Хууль дээдлэх зарчимаа умартан “Давхар дээлтэй гишүүд”-ийг санал хураалтад оруулсан, тус хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 он хүртэл сунгасан тохиолдолд даварсан Засгийн газрыг огцруулах, дампуурсан Их Хурлыг тараах хүртэлх ээлж дараалсан арга хэмжээг авч шийдвэртэй тэмцэнэ гэдгээ албан ёсоор МЭДЭГДЭЖ байна.

 

“ДАМПУУРСАН ТӨР ЗАСАГ ДАВХАР ДЭЭЛЭЭ ТАЙЛ”

СӨРӨГ ХҮЧНЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН

БҮХ АРД ТҮМНИЙ ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД

 

2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр