sonin.mn

Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрэн гэсэн зураг байдаг даа. Түүнтэй утга нэгэн адил сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирд­лагууд “Манай бай­гууллага биеийн тамирын талбайгаас гадна сул чөлөөтэй га­зартай байлаа” хэмээн санаа алдах. Сүүлийн арав гаруй жил барилгын компаниуд сургууль, цэцэрлэг, эм­нэл­гийн сул чөлөөтэй газар болгоныг дээрэмдэж орхив.

Тэгээд тэдний дараагийн ан хомрогод сүм дуган, музейн газар өртөж эхэллээ. Уг нь 2001 оны дөрөв­дүгээр сарын 25-ны өд­рийн Засгийн газрын тог­тоолоор Богд хааны, Чой­жин ла­мын музей, Даш­чойлин, Дамбадаржаа, Ган­дан­тэгчэнлин хийдийн хамгаалалтын бү­сийг ба­талжээ.

Тухайлбал Богд хааны музейн хамгаалалтын бү­сийг 5.7 га, Чойжин ламын музейн эргэн тойрны хоёр га-д барилга барих, газар олгохыг хориглосон байна. Засгийн газрын ийм тогтоол байсаар байтал тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга М.Энхболд “АПУ”-гийн охин компани болох “Ван трейд”-д Богд хааны музейн газраас олгосон байдаг.

Гэхдээ шууд олгочих­сонгүй. Соёлын өвийг хам­гаалах, ойр тойрны газрыг нь тохижуулах гэсэн нэ­рийн дор эзэмшүүлсэн юм билээ. Зүлэгжүүлэх, хашаа хороог нь сэлбэх, харуул хам­гаалалттай байлгах үү­­­рэг гэрээгээр хүлээсэн бай­даг.

“АПУ” компани үүргээ чанд биелүүлэхийн зэрэгцээ Богд хааны музейн газар дээр барилга бариад нэрийн бүтээгдэхүүний дэлгүүр, фитнесс клуб, шар айрагны баар нээчихсэн байна. Угтаа музейн газраас эзэмшүүлэх, түрээслүүлэх дээрээ тулах аваас Засгийн газартай зөв­шилцөх хууль дүрэмтэй.

Ингээд “АПУ” болон Богд хааны музейн хоо­ронд арав гаруй жил үргэл­жилсэн маргаан үүссэн бай­даг. Му­зейн удирдлага солигдох болгондоо “АПУ”, “Интермед” компани, ака­демич Д.Цэрэн­содном нарыг хулгайч луй­вар­чингаар нь дууддаг. Тэгээд шүүхэд өгдөг хэдий ч мөнгө төгрөгтэй ком­паниудын өө­дөөс яаж ч чадалгүй буулт хийдэг байх юм. Хан-Уул дүүргийн газ­рын албанаас хүртэл “АПУ” компанийг шүүхэд өгсөн байдаг.

Газрын албаныхан шүү­­хэд хандангуут “АПУ” ком­пани сөргүүлээд нэхэмж­лэл гаргачихдаг байна. Нэхэмж­лэлийн утга гэвээс Богд хаа­ны музейн захиргаатай то­хиролцсоны үнсэн дээр 1.6 га газрыг тохижуулсан, харуул хамгаалалт ажиллуулж 1.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ зардлыг маань буцаан олгоно уу гэсэн ут­гатай.

Ийм хэмжээний мөнгө төлөх бололцоо Богд хааны музейн захиргаанд байхгүй. Тэгээд яах ч аргагүй байдалд орон буулт хийдэг аж. Уг нь “АПУ” компанид асар их ашиг авч ирчихээд тус нэмэр болсон, газраа эзэм­­шүүлсэн Богд хааны му­зейн хувь хишиг хүртэж баймаар. Яг ийм байдал Чой­­жин ламын музейд ч то­хиол­доод байгаа юм билээ.

Богд хааны музейн зүгээс газраа буцаан авах гэсэн оролдлогууд нь цаг хугацаа явах тусам улам хэцүү болж ирсэн. Эргэн тойронд нь барилга бариад эхэлсэн байна.“Интермэд” компани гэхэд таван давхар эмнэлэг барьчихсан байгаа аж. “АПУ” компанийн нэхэм­жилсэн 1.3 тэрбум төгрөг өсөөд байхаас буурахгүй.

Музейн газруудыг буцаан авах талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс асуухад “Богд хааны музейн газрыг буцаан авах ажиллагаа хийгдэнэ. Барилга байшин нураах, нүүлгэн шилжүүлэх дээрээ тулбал эзэдтэй нь зөвшилцнө. Нөхөн олго­в­рын тухай ч яригдана” гэсэн юм.

Засгийн газрын хүчин тө­гөлдөр тогтоол байсаар бай­тал музейн ойр орчимд барилга байшин барьчихаад одоо нөхөн олговор авах нь. Харин музейн газрыг дээрэмдсэн талаар эр­дэм­тэн мэргэд болохоор “АПУ ком­панийг үүсгэн бай­гуулагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү архи зараад ард түмнээ хордуулаад мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй болсон байж болно.

Гэхдээ Богд хааныхаа музейн газраас хулгай хийснийхээ төлөө хойч үедээ зэмлүүлэх болов уу. Аливаа юманд хэм­жээ хязгаар гэж бай­дагсан” гэцгээж байна. Богд хааны музейн газрыг булаан авсан компаниуд барилга барихад доторх үз­мэ­рүүд нь доргидог, цууралт өгдөг гэнэ.

Энэ замбараагүй барилгуудаас болоод модон углуургатай Богд хааны музей нурахад ойрхон байгаа юм. Дээрх компаниудын Нийслэлийн Засаг даргатай хийсэн гэрээнүүд нь 2014-2017 он гэхэд дуусна. Нө­гөө сөрөг нэхэмжлэл, хуу­чин дарга нарын тогтоол шийдвэрүүд байгаа болохоор барилгаа нураагаад газраа чөлөөлнө гэдэг худлаа болов уу.

Эгэл түүхээ хүндэлдэг, эрдэмтэн мэргэд хий харуу­сахаас хэтрэхгүй. Тө­рийн шагналт түүхч О.Бат­сайхан л гэхэд “Бид монголчууд гээд хойч үедээ болон гадныханд үзүүлэх бахархал болсон музей. Хоёр их гүрний дунд тусгаар тогтнолоо аваад үлд­сэн түүхэн их гавьяа Богд Жавзандамба ху­­тагтад оногдоно.

1911-1924 он хүртэл Эзэн хаан бай­­­­­сан хүн шүү дээ. Энэ хүнд хүндэтгэлтэй хандах ухам­сар, сүсэг бишрэл бидэнд байх ёстой” гэсэн аж. Газрын төлөөх тулаанд орсон бизнесменүүд сүм хийдийн газарт шунан дурлах болсон нь нууц биш. Эдгээр компанийн түрүү эгнээнд одоогийн УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан АПУ компани явж байгаа юм.

Эрхэм түшээг Богд хааны музейн газраас хумсалсан буруутай хэмээн үзэж болох ч нөгөө талаас нь үзвэл бизнесмен хүний овсгоо, зоосны нүхээр орчлонг харах учир шалтгаан гэлтэй. Өнөөдөр хотын төвд 1.6 га олдохгүй. Олдлоо гэхэд хэдэн тэрбумаар л үнэлэгдэнэ.

Тийм байхад Богд хааны музейн газраас хэсгийг нь үнэгүй олоод авсан Г.Батхүүгийн арга залийг магтахаас ар­га­гүй. Улстөрч болоод биз­несмен хүн ашиг, орлого харахаас алс хэтийн түүх, соёл хамаагүй юм биш үү. Сүүлчийн хааны газраас булаачихаад эргүүлж авья гэ­сэн Засгийн газартай то­хи­­рол­цох, нөхөн олговор авах хэмжээнд асуудлыг эргүүл­сэн түүнийг аргыг магтахаас яах вэ.

Засгийн газрын тогтоол байсаар байтал газар эзэм­шүүлэх зөвшөөрөл олгосон тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга болон газрын алба, Соёл боловсролын га­зар, музейн удирдлага “АПУ”-гийн “буян хишгээс” хүртээгүй гэхэд итгэмгүй. Хууль тогтоомж хэрэгжүүлж чадалгүй газраа алдчихаад байгаа нөхдөөс хариуцлага нэхмээр санагдана. “Арван ембүү харахаар алгаа тос­дог” албан тушаалтнууд бай­саар байгаа цагт “АПУ” шиг компаниуд бусдын газар руу дайрсаар байх биз.

Гадны төрийн тэргүүнүүд тухайн оронд айлчлах бүртээ хаад ноёдын музей, ордноор зочилдог. Саяхан л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд Со­лон­гос улсын хааны му­зей үзсэн талаар яригдаж байна лээ. Харин манайд бол түүхтэйгээ, өнгөрсөн үетэй­­гээ хэрхэн хэрцгий хан­даж болдгийг гадныхан Богд хааны музейгээс ха­раад буцаж болох юм. Ду­саал гоожиж, энд тэндгүй цуу үсэрч, тоос шороонд да­рагд­сан Богд хааны музей мөнгөтэй төгрөгтэй ком­па­ниудын сүрд дарагдан зүүр­мэглэж байна.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: