sonin.mn

Монголын Хөрөнгийн бирж гэж өрөвдөлтэй гэ­мээр дампуу газар байна аа. Уг нь ТҮЦ-ний хэм­жээнд арил­­жаа хийдэг Хө­рөнгийн биржийнхээ үйл ажиллагааг өр­гөтгөж, дэлгүүр, захын хэм­жээнд арилжаа хийдэг болгохоор 2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн өмчийн хороо, “Лондоны хөрөнгийн бирж групп” ХХК, “Мон­го­лын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хооронд Стратеги хамтын ажиллагааны мас­тер гэрээг гурван жилийн ху­­га­цаатай байгуулсан.

Ху­гацаа нь энэ долоо хоногт дуусч бай­гаа бөгөөд Английн та­лаас хамтын ажиллагааны дүгнэлтээ хийх гээд хүрээд ирэхэд Монголын талаас энэ ажлыг дүгнэх эзэнгүй сууж байна.

Энэхүү гэрээний дагуу Монголын Хөрөнгийн бир­­жид “Миллениум Ай-Ти” систем суурилуулах ажил хийгдсэн ч үр дүн гараа­гүй. Тэгээд Хөрөнгийн бир­жийн хөдөлж ядсан үйл ажил­лагааг идэвхжүүлэхэд Хө­рөнгийн зах зээлийн ту­хай хууль л чөдөр болж бай­на хэмээн үзэж, уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Гэвч хүсэн хүлээсэн хууль нь хэрэгжээд долоо хонож байхад Монголын Хөрөнгийн биржийн гүй­цэтгэх захирал Х.Алтай, дэд захирал Р.Саруул нар ха­лагдах өргөд­лөө өгөөд нэгдүгээр сарын дундуур суудлаа орхиод одсон.

Тэдгээр залуус “бид хийх ажлаа хийчихсэн учраас явж байгаа юм” хэмээн хэв­лэлээр тайлбарлаж байгаа ч цаана нь өөр шалтгаан байгаа нь тодорхой. Чухам яагаад Хөрөнгийн биржийн захирлууд хүсэн хүлээж байсан торгон мөч нь ирж байхад гэнэт ажлаа өгөх болов.

Үүнийг улстөрийн шахаа байсан гэж харах хүн байхад Монголын Хөрөнгийн бир­жийн суусан завь зүг чигээ алдсан учраас онгоцны ах­мадууд амиа бодоорой гээд зугтаж байгаа юм гэсэн өнцгөөс ч харах хүн олон байна. Мөн хөрөнгийн биржийн удирд­лагууд өөрч­лөлт шинэчлэлтээр да­лимдуулж 14.2 сая ам.дол­лар үрэн таран хийсэн үү гэх асуудал гарч ирнэ.

Хөрөнгийн биржийн 6.3 сая ам.долларын өр хэзээ, яаж төлөгдөх нь тодорхойгүй байна

“Лондонын хөрөнгийн бирж групп” ХХК-тай хамт­ран хэрэг­жүүлсэн төслийн нийт санхүү­жилтийг Засгийн газраас 14.2 сая ам.доллараас хэтрэхгүй байхаар төсөвлөж, 2011 оны улсын төсвөөс 7.4 тэрбум төгрөг буюу 5.26 сая ам.доллар олгож, төслийн ажлыг эхлүүлсэн байдаг.

Харин үлдэгдэл санхүү­жилт болох 8.7 сая ам.дол­­ларыг арилжааны бан­куу­даас зээл авч төлөхөөр болж, нэр бүхий зургаан банктай “Хам­тын санхүүжилтийн гэрээ” бай­гуулан, 1.68 сая ам.дол­ла­рын зээл авсан байна. Ин­гээд төслийн хэм­­жээнд 2011-2012 онд нийт 6.94 сая ам.долларын зар­цуулалт хийгджээ.

Харин өнгөрөгч гурван жилийн хугацаанд дээрх “Миллениум Ай-Ти” сис­тем суурилуулах ажлын төлбөр болон арилжааны бан­­куудаас авсан зээл, түү­ний хүүг төлж байжээ. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж 6.3 сая ам.долларын өртэй байгаа юм. Чухам энэ өрийг яаж төлөх, Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, нэр хүндийг хэр­хэн сайжруулах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Иргэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй

Монголын Хөрөнгийн бирж “Миллениум Ай-Ти” систем суу­рилуулахаас өм­нө 120-200 сая төгрөгийн арил­жаа хийдэг байсан. Гэвч өдөрт дунджаар 20 сая төг­рөгийн арилжаа хийж буй шинэ сис­тем манай хөрөнгийн бир­жид таарч тохирохгүй бай­гаа­гийн шинж гэдгийг мэр­гэжилтнүүд хэлдэг.

Нөгөө талаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд иргэд, олон нийтийн оролцоо маш чухал байдаг. Гэтэл манай улс энэ тал дээр тэг заачихаад байгаа нь нууц биш.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэл аль 22 жилийн өм­нөөс хөсөр хаягдаж ирсэн гэсэн үг. Тодруулбал Монголд хө­рөн­гийн зах зээл хөгжиж эх­лэх үед иргэдэд цэнхэр, ягаан тасалбар гээчийг та­рааж өгсөн.

Тэр үед тасал­­­бар буюу хувьчлалын хувьцааны ид шидийг үзсэн хүн ховор. Овсгоотой нэг нь амжилттай ажиллаж байсан үйлдвэрүүдийг зогсоож, үр ашгийг нь хувьцаа эзэм­шигчиддээ тараасан ч юмгүй өөрийн өмч болгоод авсан.

Дараа нь Монголын уул уурхай “моод”-нд орох үед нүүрсний гол ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй “Эрдэнэс таван толгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг ард иргэддээ эзэмшүүлнэ. Нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож байна гээд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө сүр дуулиантай зарлаж байсан ч одоог хүртэл тэрхүү хувьцаа нь чимээ аниргүй болчихоод байгаа.

Энэ байдлаараа үргэжил­вэл Монголын Хөрөнгийн бирж дам­пуурахаас өөр зам­гүй. Харин ир­гэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүн гаргах аваас энэ салбарт өндийж ирэх нэг боломж харагдаж байгаа юм.

Засгийн газар, Монгол­банк зөв­хөн банкны салбараар дам­жуулж эдийн засгийн бод­логоо хэрэг­жүүлдэг. Ту­хайлбал банкинд мөн­гөө хадгалуулбал төр 100 ху­вийн баталгаа гаргадаг. Орон сууцжуулах хөтөлбөр, “Дэл­хийн банк”, “Азийн хөгжлийн банк” гэх мэт бай­гуул­лагаас хэрэгжүүлж буй бүх төслийн мөнгийг бан­каар дамжуулдаг.

Мон­голбанкнаас арил­­­­жааны бан­кууддаа хөн­гөлөлт­тэй зээл олгодог. Дээрээс нь банкуудын хадгаламжийн хүү жилд дунджаар 18 хувь байдаг. Ийм нөхцөлд хөрөнгийн биржид итгэж, энэ зах зээлд хөрөнгө оруулах хүн ховор байхаас аргагүй.

Тиймээс ядаж Засгийн газар бондоо Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөгж­лийн банк” мөн гадаадын хөрөнгийн биржүүдэд гаргаад бай­гаа бондоо дотоодынхоо биржээр давхар арилжих гэх мэт хөрөнгө оруулагчдын ан­хаарлыг татахаар чанар­тай бүтээгдэхүүн гаргах хэ­рэгтэй.

Мөн улстөрийн хүрээнд хоёр хөрштэйгээ зөвшилцөж “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн дэд бүт­цийг сайж­руулж “IPO” гаргах аж­лыг яаралтай хийх нь Монголын хөрөнгийн бир­жийн ганц итгэл найдвар болоод байна.

Д.Баяржаргал

Эх сурвалж: