sonin.mn

Дараагийн МАНАН-г байгуулах эрхэм зорилготой, МАН-ын давхар мэх буюу хаврын цахилгаан төлөвлөгөө жиргээчдийн гарт орж, анхаарал татсан сэдэв боллоо. МАНАН-гаа дахин байгуулах цахилгаан төлөвлөгөөнд:  

Хаврын синдромыг эхлүүлэх “Давхар дээлээ тайл” жагсаал

Махны үнийн өсөлтийг ашиглах

Машин шатаах

Жижиг намуудыг турхирах гэх мэт заалтуудтай.

Давхар дээлээр далимдуулж, хаврын синдром эхлүүлэх


УИХ-д одоогийн МАН, хуучны МАХН 72 гишүүнтэй болсон 2000 онд Үндсэн хуулинд  “7 муу засвар” хийж байгаад, өөрсөддөө 12 жил давхар дээл өмсөх эрх олгож, түүндээ дулаацан дассан болохоор  өнөөдөр даарч суугаа МАН эрх мэдлээ эргүүлэн олж авахын тулд эрээ цээр, ёс зүйг уландаа гишгэж, улайран яарч байгаа нь илэрхий.

“Давхар дээл”-ээр халхавчлан жагсаал зохион байгуулж, хаврын синдром эхлүүлэх, иргэд дэмжиж ирэхгүй учраас хотын намын үүр бүрээс 60 гишүүн оролцуулахаар үүрэгдэж, баг, шүгэл, туг, одоогийн генсек Ж.Мөнхбатын зохиол “Долоон бурхан од харвадаггүй” киноны дээл зэргээр хангасан байна.

Жирийн иргэн гэртээ МАН-ын бэлэн туг, шүгэл, баг хадгалж байгаад аваад гараад ирэхгүй. Сайн дурын, үзэл бодлын жагсаал цуглаан биш, дээрээс үүрэгдсэн, техник хэрэгслээр хангасан, урьдчилан зохиомжилж дэглэсэн ажиллагаа.

Давхар дээл тайлахгүй гэж хэн ч хэлээгүй, 17 сайд ч тийм байр суурьгүй, тэгээд ч 2016 оноос үйлчлэх хугацаатай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг далимдуулан яг одоо тайл гэсэн шаардлага болгож хувиргах давхар мэх байжээ.

Махны үнийн өсөлтийг ашиглах

Ардаа боддоггүй  ардын намын төлөвлөгөөний заалт. “Зовлон болвол лам зоолно” гэдэг шиг мах, хүнсний үнэ өсөх, өөрөөр хэлбэл, ард түмний амьдрал ахуйд тулгамдсан бэрхшээлийг шийдэхийн оронд улс төрийн ашиг хонжоо тооцдог нь ченжүүдээс хамаагүй дор хүйтэн сэтгэл өвөрлөсөн, хүний зовлон дээр тоглох операци.

Хорь гаруй жил засаг төр барьж, давхар дээлтэй дулаахан сууж байхдаа наад зах нь мах ханган нийлүүлэх тогтолцоо байгуулах, аль болох Монголдоо үйлдвэрлэх, бүтээх хангалттай цаг хугацаа, эрх мэдлээ ашиглаагүй.

Сэтгэл дутсан учраас ард түмний хүнс хоолыг бодоогүй, харин үнийн өсөлтийг ашиглах нь, “Монголд муу л бол бидэнд маш сайн” гэх нь монголчууддаа хүн чанаргүй, ёс жудаггүй хандаж буйг хангалттай батлав.

Жижиг намуудыг турхирах

Хамтран ажиллах гэсэн бол өөр хэрэг. Турхирах гэвэл ашиглах, завших, гул барих гэх зэрэг шал өөр утгатай. Бусад намуудаа жижиг гэж томрох, турхирах хэмжээнд авч үзэх нь үзэл бодлоороо нэгдсэн иргэдээ басамжлан доромжилсон хэрэг юм. Парламентад суудалгүй намуудыг турхирч болдог жижгүүд гэж үзэх нь хамтын ажиллагаанаас шал өөр, ард түмний нэг хэсгээ доромжилсон хандлага байна.

Машин шатаах

Гадагшаа зардаг нүүрс, зэсийн үнэ буурсан хүндхэн үед ч зам, гүүр, гарц  барьж, түгжрэл бууруулах, 11 аймагт оношилгооны төв байгуулах зэрэг олон түмний нүдэнд харагдаж, гарт баригдаж, олон хүн цаг, мөнгө, эрүүл мэндээрээ мэдэрсэн ажлуудыг гутаах, гацаах улс төрийн ашгийн төлөөх зорилгын нэг нь.

Долоо хоногт нэг удаа хөдөлгөөнд оролцохгүй байгаа тул зам ашигласны татвар төлөхгүй байхад өдөөн хатгаж, өмч хөрөнгө үрж устгах үйлдэл төлөвлөжээ.

Давхар дээлтэйгээ 12 жил, эрх мэдэлтэй хорь гаруй жил болж, даарахыг мэдэхгүй дулаан сууж дассан, данхар машинтай, даргар түрийвчтэй МАН-ын дарга нарт бол махны үнэ өсөх, машин шатааж хаях нь зүгээр л нэг сонирхолтой үзүүлбэр, ашиглалтын горим.

Жирийн нэг иргэн, аль ч намын эгэл гишүүнд машин унахыг бодохоос шатаах тухай санахгүй, мах авахаа тооцохоос махны үнэ ашиглах нь зүүдэнд оромгүй явдал.

Энэ мэт иргэдийнхээ амьдрал ахуй, боломжуудаа ашиглаагүй, бэлэнчлүүлж хойшлуулсан, боомилсон хууль удаа дараа баталсан, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан,

Монголдоо бүтээж үйлдвэрлэлгүй  гадаад, дотоод олон талын шалтгаантай эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд дээр дөрөөлөн хүйтэн цэвдэг дотортой, хаврын синдром тархаах төлөвлөгөөний далд эрхэм зорилго нь Дараагийн МАНАН-гаа байгуулах. Давхар дээлэндээ дасч даарамхай болсон МАН-ын дарга нарын давхар мэх. УИХ-дахь МАН-ын 26 гишүүний 11 нь давхар дээл өмсөөд 4-12 жил  явсан дарга нар юм.

Ард түмэн ч арав хорин жилээр хэн нь эрх мэдэл нь байсан ч ажлаа хийгээгүй, амьдралаас тасарсан, хэн нь давхар дээл өмсөхийг санаачлан, өөрсдөө хамгийн удаан өмссөнийг ялгаж салгах ухаантай. Хорин жил хийгээгүй нь зөв үү, хоёр жил хийж байгаа нь буруутай юу гэдгийг ч мэднэ. Дараагийн МАНАН-г байгуулах давхар мэх үргэлжилж байна.