sonin.mn

 НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаан  4 дүгээр сарын 10-нд  болж хуралдаанаар ”Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд газар болон барилгын асуудлаар иргэн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авахдаа тухайн харилцааг зохицуулсан олон хууль дүрэм, журам үзэж танилцах шаардлагатай болдог. Харин энэхүү журам нь  эдгээр олон хууль, эрхзүйн актуудыг  нэгтгэж холбогдох хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан бөгөөд илүү ойлгомжтой, хялбар болгосон байна.

Журам батлагдсанаар иргэн, хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэх юм.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Барилгын зориулалтаар газар олгохдоо дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулах, төсөл сонгон шалгаруулалтыг яаж хийх, сонгон шалгаруулалтын зар мэдээг олон нийтэд хэрхэн мэдээлэх, иргэдийн оролцоог хэрхэн хангах зэрэг үйл ажиллагааг маш тодорхой болгосон” гэдгийг онцолсон юм.

Мөн журамд нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих зориулалтаар газар олгох, барих ажиллагаанд оролцогч этгээдийн хүлээх үүрэг хариуцлагыг тусгайлан зааж өгснөөс гадна барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нарийвчлан, барилга барих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйлсийг ч тусгажээ.

Тодруулбал, нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгуулагын зөвшөөрөлгүй газар  эзэмших, барилга байгууламж барих, бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх зэргийг хориглосон байна.

Түүнчлэн журамд иргэдийн хүсэлт, саналыг шийдвэрлэх хугацааг нарийн тогтоож, хариуцлагын асуудлыг ч боловсронгуй болгожээ.  Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрхийг иргэн хуулийн этгээдэд  олгохдоо заавал Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтаар олгоно.

Хэрвээ энэ заалтыг зөрчвөл Засаг даргыг албан тушаалаас нь огцоруулах үндэслэл болно гэж заасан байна. Мөн зөвшөөрлийн зөрчилтэй барилгад техникийн нөхцөл олгосон албан тушаалтныг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм байна.

 Барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгох хугацааг 14 хоногт багтаан шийдвэрлэхээр тусгажээ.

Мөн журамд орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс 45 метрт байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу иргэдээс  санал авч, саналаа өгсөн иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн тохилдолд барилга барих зөвшөөрөл олгохоор тусгасан байна.

Барилга барих газрын эрх олгох, барилгын эх зураг батлах, барилга угсралт, ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг НИТХ-ын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихтай холбогдон үүсэх харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээд өмчийн хэлбэрээс үл хамааран дагаж мөрдөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.