sonin.mn

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай байв.


Гэтэл УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авснаар уг асуудал хойшлоод байна.
Эх сурвалжуудын хэлж буйгаар уг завсарлагын тухай бүлгийн гишүүд бараг мэдээгүй гэх бөгөөд бүлгийн ахлагч Н.Батцэрэг АН-ынхантай ярилцаад ийн шийдсэн аж.
Үүний цаана АН-ын лидерүүд хоорондоо тохиролцож чадахгүй байгаатай холбоотой асуудал байгаа гэнэ.


Тодруулбал дараагийн Ерөнхий сайдаар хэн ажиллах вэ? гэдэгт АН-ынхан зарчмын шийдэлд одоо болтол хүрээгүй байгаа юм байна.
Уг нь УИХ-ын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болгохоор зөвшилцсөн ч цаадах нь өөрөө татгалзсан аж.


Иймээс дараагийн Ерөнхий сайдын талаархи нэгдсэн тохироонд хүрэх асуудал ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулган хүртэл явагдах бололтой.
Ер нь дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болж гэмээн Засгийн газрыг огцруулдаг жишиг Монголын улс төрд нэгэнт тогтсон нь нууц биш.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар улиран ажиллах магадлал өндөр байгаа аж.
 

М.Мөнхзул