sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Түүгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нээж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа, бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа хуулийн төсөл боловсруулж буй явцын талаар илтгэл тавилаа.

УИХ-аар 2008 онд баталж, мөрдөж байгаа хуульд одоогоор концепцийн шинж чанартай томоохон өөрчлөлт хийх шаардлагагүй гэж үзжээ. Хуулийн төслийн үзэл баримлалыг Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайд хамтран баталж, бусад яамдаас ирсэн саналыг тусгасан байна.

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцаа, бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Алимаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах хэд хэдэн үндэслэл байгаа талаар танилцууллаа.

Юуны түрүүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хамтран явуулж байгаа ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнхууль тогтоомж, стандарт, дүрэм журам, зардлын асуудлыг хэрхэн хамтарч хэрэгжүүлэх талаар тусгажээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зарим заалт, хэсэг нэмж аж ахуйн нэгж, байгуулллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын чиг үүргийг тодорхой болгосон байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын онцлог, нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, илэрсэн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг шинээр боловсруулах зэрэг чиг үүргийг хуулийн төсөлд тусгаж, зөрчил гарсан тохиолдолд хариуцах байгууллага, хүмүүсийг торгох хэмжээг шинэчилжээ.